“Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Владимир Якунин ажлаа сайн дураар өгч байгаагаа мэдэгдсэний дараа Ерөнхий сайд Д.Медведев энэ сарын 20-нд түүнийг чөлөөлөх тушаалд гарын үсэг зурсан. Төрийн том компанийн удирдагч сайн дураар ажлаа өгч байсан нь урьд өмнө тохиолдож байгаагүй хэрэг юм.
Чухам ямар шалтгаанаар В.Якунин “Оросын төмөр зам”-аас явж байгаа талаар хоёр таамаглал байна. Нэгдүгээрт буюу албан ёсны мэдээллээр, тэрбээр ирэх есдүгээр сард болох Калининград мужийн сенаторын сонгуульд өрсөлдөх аж.
Хоёрдугаарт, 2014 онд Ерөнхийлөгч В.Путин төрийн албан хаагчдыг ашиг орлогын мэдүүлгээ ил тодоор өгч байхыг үүрэгдсэн нь В.Якунинд таалагдаагүй гэнэ. Тэрбээр гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд орлогоо ил болгохгүй гэж мэдэгдэж байсан юм.
“Оросын төмөр зам” нийгэмлэгт 10 жил ажиллахдаа В.Якунин ямар цалинтайгаа зарладаггүй байсан бөгөөд зарим хэвлэлд мэдээлснээс үзвэл жилд 4-15 сая ам.долларын орлоготой байсан бололтой.
“Оросын төмөр зам” нийгэмлэгийн шинэ даргаар ОХУ-ын Тээврийн яамны дэд сайд, тус нийгэмлэгийн захирлуудын зөвлөлийн гишүүн Олег Белозеровыг Ерөнхий сайд Д.Медведев томиллоо.
Олег Белозеров нь 45 настай, 1992 онд Санкт-Петербургийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн юм.
2002-2004 онд “Оросын түлш” нийгэмлэгийн ерөнхий захирлаар ажиллаж байсан тул төрийн том компани удирдах туршлагатай. 2009 оноос Тээврийн дэд сайдын алба хашиж эхэлжээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ