Зургаан сайдаа нөхөн томилох гэж Засгийн газрыг хамтарч байгуулах намууд тун их зүдэрч байна. Эдгээр квотыг АН болон “Шударга ёс” эвсэл 50:50-иар хувааж авахаар өнгөрсөн долоо хоногт тохиролцсон.
АН-ын фракцууд Г.Баярсайныг Хөдөлмөрийн, Н.Батбаярыг Сангийн, Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн сайдад нэр дэвшүүлэхээр болоод буй. Гэвч танхимдаа ямар хүн оруулахаа шийд гэсэн эрхийг бүлгээсээ авсан Ерөнхий сайдад зарим нэр дэвшигч таалагдахгүй байгаа гэнэ.
Л.Эрдэнэчимэгтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ тэр намынхандаа хэлжээ. Зам тээврийн сайдын квот АН-ын МоАХ фракцад ногдож, Х.Баттулга “утсан хүүхэлдтэй”-гээ зүтгүүлж буй нь энэ. Энэ нь олон нийтийн зүгээс ч нэлээд шүүмжлэл дагуулж байна.
Тэгвэл тус намынхан энэ талаар дотроо ярилцсан сурагтай. “МоАХ олон ч удаа шаардлага хангахааргүй хүмүүсээ сайдад зүтгүүлсэн. Ш.Түвдэндорж, Р.Бурмаа гээд олон нийтээс, салбарынхнаасаа шүүмжлэл хүртсэн, хүртэж яваа сайд нар бий.
Одоо бас Л.Эрдэнэчимэгийг зүтгүүлж байна. Энэ чинь Монголын төр шүү дээ” гэсэн байр суурьтай гишүүд байжээ. Бас ингэж байхаар чи өөрөө Зам тээврийн сайд болсон нь дээр юм биш үү гэсэн саналыг Х.Баттулгад хандуулсан гэх.
Тэр хэдхэн сарын өмнө Н.Алтанхуягийн танхимыг өөрийн хүсэлтээр орхисон хүн. “Давхар дээлийг эсэргүүцэж байна” гэсэн тайлбар тухайн үедээ хэлсэн. Тэгчихээд одоо дахин давхар дээл өмсөх болов уу.
Эсвэл яг түүнтэй адилхан эсэргүүцэж, бөөн юм болчихоод цагаа тулахаар ичих ч үгүй сайд болчихдог Р.Бурмаагийнхаа жишгийг давтах юм уу. Үүнээс гадна дээрх албан тушаалд горилж буй өөр нэг эрхэм бол Г.Батхүү.
Тэр мэдээж Л.Эрдэнэчимэгээс дээр байж таарна. Гэхдээ Зам тээврийнхээс гадна Сангийн сайдад ч санаатай яваа юм билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сангийн сайдад нэр дэвшигч Н.Батбаярт бас дурамжсан хандаж буй гэсэн.
Гэвч МҮДН-ынхан Н.Батбаярыг солихгүй аж. Бас олон нийтийн дунд нэр хүнд муутай ч Н.Батбаяртаа намынхан нь их хайртай юм. Алдаа бий ч түүнийгээ засаж чадах толгой хэмээн итгэдэг бололтой. Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч Г.Баярсайхантай холбоотой хэл ам бага байна.
Тэрбээр өөрөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болох хүсэлтэй байсан ч “бялуу” хуваах үед Хөдөлмөрийн сайд л АН-д, өөрөөр хэлбэл, түүнд ногдсон.
АН-ынхан ийнхүү өөрт ногдсон гурван суудлынхаа нэг дээр “зодоон”-той, эцсийн шийдвэр гаргаж завдахгүй явна. Ерөнхий сайд Л.Эрдэнэчимэгийг хүлээн авахгүй гэсэн учраас нэр дурдсан хоёр эрхмийн аль нэгийг АН дэвшүүлэх болов уу. Энэ долоо хоногт “зодоон” дуусах учиртай.
С.УУЛ