“Барилга орон сууц 2015” үзэсгэлэн яармаг өчигдөр өндөрлөлөө. Барилгын салбарын 89 жилийн ойг тохиолдуулан уг арга хэмжээг зохион байгуулсан юм.
Орон сууцны үнэ ханшийг тодорхойлох, борлуулагч, худалдан авагчийг холбох гүүр болсон уг яармагт гадаад болон дотоодын 120 гаруй байгууллага оролцож, шинэ орон сууцны 80 гаруй төсөл танилцуулав.
Үзэсгэлэнгийн үеэр иргэд тансаг, бизнесээс энгийн зэрэглэлийн орон сууцны хотхон, хорооллуудаас захиалах, төлбөрийн уян хатан нөхцөл, хямдрал урамшуулал, ипотекийн найман хувийн зээлд хамрагдах боломжтой байв.
Худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор орон сууцны борлуулалт муудаж, барилгын компаниуд сул зогсохдоо хүрсэн гэх мэдээлэл чих дэлсэх болсон. Төр, засгаас иргэдийг орон сууцжуулах хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлж, ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгож бууруулан, хугацааг сунгах зэрэг шийдвэр гаргаж буй.
Үүнтэй холбоотойгоор орон сууцны эрэлт дахин сэргэх хандлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байв. Үзэсгэлэнг сонирхогчид ч цөөнгүй иржээ. Тэд орон сууцны үнэ ханшийг хамгийн их асууж байсан юм.
Танилцуулсан шинэ орон сууцнуудын ам метр талбайн үнэ 1.25- 5.5 сая төгрөгөөр хэмжигдэж байгааг зохион байгуулагчид тэмдэглэв. Үнэ ханш байршлаасаа шалтгаалж өөр өөр байсан бөгөөд хотын захын бүсэд байрласан бол 1.2-2.8, хотын төв орчмынх 1.9-5.5 сая төгрөгийн үнэтэй байсан юм.
Төсөл хэрэгжүүлэгч компаниуд төлбөрийн уян хатан нөхцөл, хонжворт сугалааны эрх гээд цөөнгүй урамшуулал зарлаж, хэрэглэгчдийг татаж байлаа. “Миний гэр” хорооллынхон “Soho mebel” дэлгүүрийн 1.2 сая төгрөгийн тавилга сонгох, “Morning stars residence” хотхоноос иж бүрэн тавилга, цахилгаан бараа, “Ивээл” хотхоноос гал тогооны тавилга, ус цэвэршүүлэгч өгөх зэрэг бэлгийг санал болгосон.
Мөн “Morning stars residence” хотхон төлбөрөө зуун хувь төлбөл 10 хувийг нь хөнгөлөх, “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр үзэсгэлэнгийн өдрүүдэд нэг сая төгрөг төлөөд гэрээ хийх, “Шинэ мөрөөдөл” хотхон нэг сая төгрөгийн цахилгаан бараа авах эрх зарлалаа.
Ч.ЗУЛ