Төрийн орон сууцны корпорацийн захиалга, Чингис бондын санхүүжилтээр “Буянт-Ухаа” хороолол баригдаж, иргэдэд зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж эхэлсэн. Тэгвэл аравдугаар сарын 30 гэхэд “Буянт-Ухаа-2” хорооллын 1500 айлын 30 орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тус орон сууцны хороолол хямд үнээр борлуулагддаг гэдэг утгаараа эндээс байр авах иргэдийн эрэлт их байдаг ч хангалттай нийлүүлэлт байхгүй байгаа юм.
Тэгвэл ТОСК-аас “Буянт-Ухаа 2” хорооллоос 50 ширхэг байрыг Монголын залуучуудын холбоонд хувиарлалаа. Энэ нь зорилтот бүлэг буюу залуус, залуу гэр бүлээ дэмжиж, тэдний хямд, чанартай орон сууцтай болох хэрэгцээг хангах зорилго бүхий нэг ажил болж байна.
Монголын залуучуудын холбоо нь бүтцийн бүх шатны байгууллага, идэвхтэн гишүүдийнхээ дунд сонгон шалгаруулалт явуулж, ТОСК-д шалгарсан залуусын нэрсийг хүргүүлснээр байр хувиарлах үйл ажиллагаа явагдах юм байна.
Энэ нь дээрх хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхлэл бөгөөд цаашид ТОСК-ийн захиалгаар орон нутагт баригдах орон сууцнуудаас залуусдаа квот олгох замаар тогтмол хамтран ажиллахаар болсон байна.