Төр, засгийн эрх мэдэлтнүүддээ хяналт тавьж чаддаггүй сул дорой ард түмэнтэй, авлигад идэгдсэн түшмэдүүдтэй, ядуу буурай улс орнуудын газар нутгийг худалдах, түрээслэх нэрийдлээр хуйвалдан эзэмшдэг неоколончлолын шинэ хэлбэрийг олон улсад “Land grab” хэмээн нэрлэж байна.
Газар булаах хэмээн орчуулж болох энэ томьёоллыг хөдөө аж ахуйн шинэ империализм ч гэж үзэж болно. Үржил шим бүхий өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөнтэй манай орны хувьд энэ империализм Дорнод аймгийн Халх гол сумаас эхэллээ.
Чоно борооноор, муу хүн чөлөөнөөр гэдэг шиг үндэсний баяр наадмын өмнөхөн УИХ-аас Монголын зүүн хязгаар Халх гол сумын газар нутгаас 500 мянган га газрыг “Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах” нэрээр БНСУ-д түрээслэх тогтоол баталсныг саяхнаас л олон нийт мэдэж байна.
Хөдөлмөрийн үндэсний намынхны ил болгосон энэ баримтыг зарим нэг нь сонгуулийн PR хэмээн үл ойшоож, улстөржүүлэхийг оролдож буй. Гэвч аль нэг улс төрийн намын PR байсан ч энэ бол үл ойшоож болохгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой, чухал асуудал мөн юм.
Энэ мэдээллийг ил болохоос яг сарын өмнөхөн буюу зургадугаар сарын 10-нд ОХУ Өвөр Байгаль дахь 115 мянган га газраа БНХАУ-д хагас зуун жилийн хугацаагаар түрээслэсэн талаарх мэдээллийг олон улсын хэвлэлүүдээр цацсан.
ОХУ-ын Өвөр Байгалийн энэ хэмжээний газар 49 жилийн хугацаанд БНХАУ-ын мэдэлд оржээ. Хятадын “Жэньминь жибао” сонинд бичсэнээр нэг га газрыг жилийн 250, нийтдээ 49 жилийн турш 1.4 тэрбум рублиэр түрээслэх аж.
Энэ хугацаандаа гэрээнд заасны дагуу Өвөр Байгалийн бүс нутагт 24 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Цаашлаад эхний үе шат 2018 он хүртэл амжилттай хэрэгжвэл 200 мянган га талбайг нэмж түрээслэхээр заасан байна.
Одоогоор Өвөр Байгалийн яг ямар газар энэ гэрээнд хамрагдсан нь тодорхойгүй ч Агын Буриадын тойрог дахь Нерчинско-Заводск, Улетовск, Сретенск, Шилкинскийн дүүргийн газар нутаг хамрагдах нь тодорхой болжээ. Оросууд Өвөр байгалийн нийт 300 гаруй мянган га газраа хятадуудад өгөхөөр болсон гэсэн үг.
Үүн дээр хятадуудад бараг бүрэн уусаад байгаа ОХУ-ын Алс Дорнод дахь газар нутгийг нэмэхээр оросууд өргөн уудам газар нутаг дахь Хятадын эзэмшилдээ цаашид хяналт тавьж, бүрэн бүтнээр нь эргүүлэн буцаан авч чадна гэдэг эхнээсээ эргэлзээтэй болоод буй.
Одоогийн байдлаар ОХУ-ын Алс Дорнод дахь хятадын эзэмшил газарт зургаан сая хятад иргэн газар тариалан эрхэлж, орос эмэгтэйчүүдтэй гэрлэн энэ бүс нутгийг хятадчилж эхэлсэн гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ нь “Landgrab”-ийн жинхэнэ үнэний баримт болоод байгаа юм.
Өвөр Байгалийн газрыг түрээслэгч БНХАУ-ын “Хуаэ Синьбан” компанийн захирал Ли Дэмин Хятадын “Хуанцю Шибао” сонинд өгсөн ярилцлагадаа “115 мянган га газрын хөрсийг боловсруулахад дор хаяж 2000-3000 хүн хэрэгтэй. Гэтэл Өвөр Байгальд ажиллах хүч алга.
Тиймээс Хятадаас ажиллах хүч авна” хэмээн дурджээ. “Landgrab” бол зөвхөн газрын наймаа биш, харин иргэдээ суурьшуулж, байршуулснаар эзэн суудаг шинэ империализм гэдгийг хойд хөршийн жишээ харуулж, сургамж болж байна.
Өвөр Байгалийн газрыг түрээслэснийг эсэргүүцсэн хөдөлгөөн Орост өрнөж буй. Тэнд гарч буй мэдээллээр, Санкт Петербургт болсон Эдийн засгийн форумын үеэр БНХАУ нэг их наяд ам.долларыг ОХУ-д хөнгөлөлттэй өгөхөөр болсон.
Үүний төлөөсөнд Өвөр Байгалийн газар нутгийг хятадуудад түрээслэхээс аргагүйд хүрсэн гэсэн хардлага, шүүмжлэл тэнд ид өрнөж байгаа. Ийм үед жижигхэн Монголын төр, засаг 500 мянган га газраа солонгосчуудад өгөв.
“Land grab”-т өөрийн үнэ ханш бас бий. “The Economist” сэтгүүлд хэдхэн жилийн өмнө үүнтэй холбоотой анхаарал татсан баримт гарч байсныг одоо сануулах нь зүйтэй байх. АНУ-ын нийслэлд байрладаг Олон улсын Хүнсний бодлого судлалын хүрээлэнгийн судалгаагаар 2006-2009 оны хооронд буурай хөгжилтэй орнууд 15-20 сая га тариалангийн газраа гадаадынханд өмчлүүлөх талаар гэрээ хэлэлцээр хийж, үйл ажиллагаа явуулжээ.
Газрын үнэ ханшийг хамгийн хямдаар бодож үзэхэд эдгээр хэлэлцээрийн нийт үнийн дүн 20- 30 тэрбум ам. долларт хүрсэн гэсэн тооцоо ч гаргасныг http://www.economist.com/node/13692889?story_ id=13692889–ээс уншиж болохоор байна.
Үүгээр тооцвол ганцхан га газрын хамгийн доод ханш 1300 ам. доллар. Гэхдээ энэ бол хэдэн жилийн өмнөх ханш. Харин манай эрх мэдэлтнүүд хуйвалдаж, хулмаганан байж шийдсэн 500 мянган га газраа одоогийн ханшаар хэдэн тэрбум ам.доллараар үнэлсэн бол.
Нэг тэрбум ам.доллар гэдэг одоогийн манай ёроолоо ухаж буй эдийн засагт асар их хэмжээний хөрөнгө оруулалт мөн. Гэхдээ эрх мэдэлтнүүд одоогоор Халх голын 500 мянган га газартай, ялангуяа түрээсийн үнэ ханштай холбоотой ямар ч мэдээллийг ил гаргаагүй.
Цаашид ч гаргахгүй байж магадгүй. Үүний цаана улс орны биш, хэсэг бүлгийнхний наймаа тохиролцоо, хэдэн их наядаар хэмжигдэх наймаа тохиролцоо нуугдаж буй юм биш биз дээ?! Монголын Зүүн хязгаар, Халх гол сум бол хэчнээн тэрбум ам.доллараар үнэлэгдэхээргүй, алга сөөм газар бүр нь өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар тамгалагдан бидэнд үлдсэн, байгаль экологийн хувьд Хянганы экосистем, Манжуурын гаралтай ан амьтан, дэлхийд ховордсон биологийн төрөл зүйл, хэний ч гар хүрээгүй онгон зэлүүд байгаль бүхий хөрс шороог нь онгичиж, сэндийчихээс цээрлэж ирсэн, Хянганы нурууны ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт шилжих онцлогийг онгон төрхөөр нь үзэж танилцах боломжтой цорын бүс нутаг юм.
Ийм нутгаа Монгол Улсын ямар ч хуульд байдаггүй “Хөдөө аж ахуйн чөлөөт бүс” нэрээр гаднынханд өглөө. Энэ нь олон улсын хэмжээнд эмзэглэл төрүүлж буй “хөдөө аж ахуйн империализм буюу түрэмгийлэл”-д Монгол өртөж байна гэсэн хардлагыг батална.
Монголын төрд Үндэсний аюулгүй байдлын бодлого алдагдсаны бас нэг том нотолгоо болж байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор цөөн улстөрч, эрх мэдэлтний хүсэл сонирхлоор улс орны эрх ашгийг эргүүлдэг, эвдрэлцүүлдэг болсон.
Энэ нь эцэстээ АН-ын хэдхэн фракц бүлэглэл, хувь хүний ашиг сонирхолтой холбогддог нь нууц биш болоод буй. Халх гол сумын газар нутгийг БНСУ-д түрээслэх асуудыг үнэндээ 2012 оноос хойш л ярьж буй.
Албан ёсны шийдвэрийг нь УИХ сая л гаргаснаас бус, хэдэн жилийн өмнөөс солонгос, хятадууд тэнд газар тариалан эрхлэх нэрийдлээр газар эзэмшиж буй нь үнэн.
Үүний ард Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг 2012 оноос хойш “хувьчилан” авч сайдын алба хашиж буй МоАХ фракцынхан буюу үе үеийн сайд болох Х.Баттулга, Ш.Түвдэндорж, одоогийн сайд Р.Бурмаа нарын үе залгамжилсан хөдөө аж ахуйн салбарын гол бодлого хэрэгжсэн гэсэн яриа ч улс төрийн хүрээнийхэн дунд байна.
Цаашид Монголд шударга төр, төрийн түшээ гэж байдаг бол Монгол Улсын Үндсэн Хууль, Газрын тухай хуульд заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”, “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байна” гэсэн заалтыг зөрчсөн энэ шийдвэрийг цуцлуулахаас өөр эрх ашиг монголчууд бидэнд байх ёсгүй.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ