Өнгөрсөн жилийн өдийд сурагчдын дүрэмт хувцас борлуулж буй цэгүүдэд хүүхдээ дагуулсан эцэг эх урт дараалал үүсгэж, үйлдвэрүүд ачаалал ихтэй ажиллаж байв. Энэ нь сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүд нэгдэн оёж, сургуулиудад нийлүүлж эхэлсэнтэй холбоотой юм.
Харин энэ жил дүрэмт хувцасны борлуулалт муу байгаа бөгөөд төрөөс үнийг зохицуулахгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс томоохон дэлгүүр, захуудад дүрэмт хувцасны үнэ, чанар ямар байгааг сурвалжиллаа.
Дотоодын үйлдвэрүүд сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэхээс өмнө сурагчид БНХАУ-д үйлдвэрлэсэн чанар муутай хувцас өмсөж байсан. Ийм хувцас эдэлгээ, эрүүл ахуйн шаардлага хангахгүй тул ҮХААЯ, БСШУЯ-тай хамтран сурагчийн дүрэмт хувцасны жишиг загвар боловсруулж, шинэ стандарт тогтоосон.
Тиймээс дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхтэй “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар” зэрэг компани монгол хонины ноос болон ээрмэл утсаар хийсэн дүрэмт хувцсаа 58-132 мянган төгрөгөөр борлуулж эхэлсэн юм.
Гэтэл дээрх компаниудын логотой адилхан хувцас БНХАУ-аас орж ирэх болсон. Өнгөрсөн жил дотоодын үйлдвэрийнхэн болон эцэг эхчүүд үүнийг эсэргүүцэж байсан ч дорвитой арга хэмжээ авч чадаагүй.
Өнгөрсөн жилийн хувьд төрөөс дүрэмт хувцасны үнийг зохицуулж байсан учраас иргэд хямд үнэтэй хувцсыг БНХАУ-ынх гэж төвөггүй мэдэж болохоор байсан.
Харин энэ жил төрөөс үнийг зохицуулахгүй учир иргэд дотоодод үйлдвэрлэсэн, урд хөршөөс орж ирсэн эсэхийг ялгахад бэрх болов.
Энэ тухай “Бүтээлч үйлс” компанийн ерөнхий менежер Б.Одбаяраас тодрууллаа.
-Энэ жил төрөөс дүрэмт хувцасны үнийг зохицуулахгүй гэсэн. Танайх дүрэмт хувцсаа хэдэн төгрөгөөр борлуулж байна вэ?
-Өнгөрсөн жил борлуулалтаа тооцолгүй их хувцас үйлдвэрлэсэн учраас үлдэгдэл их байгаа. Тиймээс энэ жил харьцангуй бага дүрэмт хувцас хийнэ. Манайхаас гадна зургаан компани дүрэмт хувцас хийж байгаа. Тиймээс төрөөс үнэ зохицуулахгүй гээд дураараа үнээ нэмж болохгүй.
Иргэд хямд үнэтэй хувцас сонгох нь ойлгомжтой учраас өнгөрсөн жилийн үнээрээ борлуулж байгаа.
-БНХАУ-аас хуурамч хувцас оруулж ирж байгаа гэсэн. Тэдгээр хувцас танайхаас хямд үнэтэй борлуулагдаж байгаа юу. Иргэд хэрхэн ялгах вэ?
-Иргэд хямд бараа сонгож байгаа цагт урд хөршийнхөн хуурамч бараа үйлдвэрлэж, манайд нийлүүлсээр л байх болно. Төрөөс үнийн зохицуулалт хийсэн, хийгээгүй ялгаа байхгүй. Уг нь дотоодын үйлдвэрүүд тийм ч өндөр үнээр борлуулахгүй байгаа.
Төрөөс хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөг өгдөг. Эцэг эх үүн дээр хэдхэн төгрөг нэмээд чанартай хувцас авч чадахгүй, хямдыг нь сонгож байна. БНХАУ-аас оруулж ирсэн хувцасны материал муу ч иргэд гаднаас нь хараад ялгах боломжгүй.
Гэхдээ үнийн хувьд ялгаатай. Төрөөс ямар нэгэн хяналт, зохицуулалт хийхгүй бол чанартай, үнэ хямд хувцас авах нь иргэдийн азны л асуудал болоод байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн хувцасыг иргэд үнээр нь ялгах боломжтой талаар дээр дурдсан.
Гэтэл төрөөс үнийг зохицуулахгүй болохоор үндэсний үйлдвэрийн хувцас ч хямд байх магадлалтай болж байгаа юм. Ямартай ч дотоодын үйлдвэрүүдийн албан ёсны борлуулах цэгүүд дээр очлоо.
“Бөмбөгөр” худалдааны төвд “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” компанийн гэрээт борлуулах цэг бий. Дээрх хоёр компани Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцсыг нийлүүлдэг ч “Бөмбөгөр” худалдааны төвд аль ч дүүргийн иргэд үйлчлүүлэх боломжтой.
Учир нь дүрэмт хувцасны зангиа л дүүрэг бүрт өөр байдаг аж. Тэнд бага ангийн эрэгтэй хүүхдийн зангиа 2500, хослол 62 мянган төгрөгийн үнэтэй. Харин ахлах ангийн сурагчдын зангиа 3500, хослол 108 мянган төгрөг байв.
Энэ нь өнгөрсөн жилийн үнээс өөрчлөгдөөгүй гэдгийг худалдагч нар хэлж байсан. Гэсэн ч худалдан авагч Г.Чанцалын хэлж буйгаар тэрбээр өнгөрсөн жил дунд ангийн эрэгтэй хүүхдэдээ 78 мянган төгрөгөөр дүрэмт хувцас авсан бол энэ жил 100 мянган төгрөгөөр авч буй гэнэ.
Дүрэмт хувцастай холбоотой сайн, муу олон шүүмжлэл бий. Тэдний нэг нь материалын асуудал. Эрэгтэй хүүхдүүд ноцолдоод хувцсаа урчихдаг болохоор эцэг эхчүүд жил бүр шинийг авдаг байна. Г.Чанцалын хэлсэнчлэн өнгөрсөн жилийнхтэй адилхан үнээр борлуулж буй дүрэмт хувцас төдийлөн олдохгүй байх.
Харин дараа нь бид “Нарантуул” захын дүрэмт хувцас борлуулж буй лангуун дээр очлоо. Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа болохоор хүүхдээ дагуулсан эцэг эхийн хөл тасрахгүй байв.
Тус захын 1405 гэсэн лангуун дээр сурагчдын дүрэмт хувцас борлуулж буй. “Бөмбөгөр” худалдааны төвд дунд ангийн эрэгтэй хүүхдийн хувцас 99.300 төгрөг байсан бол Нарантуул захад 86 мянган төгрөг байв.
Энэ тухай худалдагчаас нь асуухад “Манай захаас иргэд хямд бараа сонгох гэж ирдэг нь нууц биш. Гэхдээ манайх сурагчдын дүрэмт хувцас борлуулж буй бусад цэгтэй ижил үнэтэй байгаа. Би “Шилмэл загвар”-ийн хувцас борлуулдаг.
Үндэсний үйлдвэрийн олон компани бий учраас бүгд ижил үнэтэй байна гэж байхгүй” гэв. Ийнхүү сурагчдын дүрэмт хувцас харилцан адилгүй үнээр борлуулагдаж байна. Түүнчлэн зарим иргэн хүүхдийнхээ хувцсыг гэртээ хийж буй гэнэ.
Материалыг нь худалдаж аваад дуурайлган хийх нь хямд тусаж байгаа талаар “Нарантуул” захын худалдагчид хэлж байлаа. Одоо урд хөршөөс оруулж ирж байгаа бараанаас гадна хувиараа хувцас үйлдвэрлэж буй иргэд ч сурагчдын дүрэмт хувцасны зах зээлд өрсөлдөх болжээ.
Тэд дүрэмт хувцсыг бага хэмжээгээр хийж, таньдаг худалдагч нартаа өгч, борлуулдаг байна. Эдийн засаг хямарч энд тэндгүй хямд бараа “ноёрхох” боллоо. Хямд бараа сонгож буй иргэдийг буруутгах аргагүй.
Гэхдээ үндэсний үйлдвэрүүд ч хувцасныхаа үнийг бууруулах боломжгүй. Гагцхүү БНХАУ-аас орж ирж буй чанар муутай барааг зогсоож, төрөөс анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Уг нь үндэсний үйлдвэрүүдийн оёсон дүрэмт хувцасны энгэрт ЕБС гэсэн лого бий.
Гэхдээ орчин үед ийм логог амархан дуурайлган хийж болно. Дуураймал, хямд үнэтэй хувцас борлуулж буй худалдагч нарт хэн ч хяналт тавихгүй бол иргэдийн чанартай бараа хэрэглэх, үгүй нь үнэхээр л азны асуудал болоод байна.
Э.НЯМДУЛАМ