Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо нэмэгдсэн. Үүнийг дагаад орон нутгийн замд осол гарах нь олширчээ.
Тухайлбал, энэ сарын 21-22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг, 61-ийн гарам орчмын замд, “Энхбулаг” амралтын газрын дэргэд “Mitsubishi L-200” маркийн авто машины жолооч Ц, цуваагаар явж байсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Зил 131” маркийн авто машинтай мөргөлдөж, онхолдсон байна.
Ослын улмаас хоёр хүн газар дээрээ нас барж, 21 хүн гэмтжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Зэвсэгт хүчний 084 ангийн ахлагч 24 настай, эрэгтэй М, 26 настай, эрэгтэй А нар газар дээрээ нас барсан ноцтой осол гарсан.
Гэмтсэн иргэд одоо Цэргийн төв госпитальд хэвтэн эмчлүүлж байна. 10 гаруй цэргийн бие хүндэвтэр, ихэвчлэн яс, дотор эрхтэн, нурууны гэмтэлтэй байгаа. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
“Mitsubishi L-200” маркийн автомашин гүйцэж түрүүлэх оролдлого хийхдээ ийнхүү осол гаргасан байж болзошгүй гэж гэрчүүд мэдээлж байна. Болсон явдлыг тодруулахаар Цэргийн төв госпиталийн Гэмтлийн тасгийн жижүүрийн эмчтэй уулзахад “Удирдлагуудаас зөвшөөрөл авч байж албан ёсны мэдээлэл өгнө” гэв.
Харин тус тасагт хэвтэн эмчлүүлж буй нэг цэрэг “Юу болсныг ч ойлгоогүй. Биднийг хоорондоо юм яриад явж байтал маш чанга, тасхийх чимээ гараад л ухаан алдсан. Нэг сэргэхэд олон хүн бужигнаад би газар хэвтэж байснаа бүдэг бадаг санаж байна. Тэгээд дахиад нэг ухаан ороход эмнэлэгт ирсэн байсан. Өчигдрөөс л (уржигдар) цочролоосоо гарч, зарим зүйлийг санаж байна. Биднийг хэвлэлийнхэнтэй уулзаж болохгүй гэсэн” гэж ярив.

Осолд орсон цэргүүдийг гэмтлийн хүнд, хөнгөнөөр нь ангилж тасгуудад хуваан хэвтүүлсэн байв. 084 ангийн удирдлагууд өчигдөр ирж, эмч нартай нь уулзан, өвчтөнүүдийн биеийн байдлыг асуусан гэнэ.
Нэг цэргийн биеийн байдал хүнд, Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй аж.
Түүний ар гэрийнхэнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Ослын тухай ар гэрийнхэнд нь хэзээ мэдэгдсэн бэ?
-Бид өчигдөр (уржигдар) энэ тухай мэдээд, Баян-Өлгий аймгаас ирлээ. Хүүгийн минь биеийн байдал хүнд байгаа гэж эмч нар нь хэлсэн. Одоо болтол ухаан ороогүй л байна.
Уушги нь дарагдсан, хэд хэдэн хавирга хугарсан гэсэн. Эмчилгээгээ хийлгээд удахгүй сайжрах байлгүй дээ.
Олон хүүхдийн биеийн байдал хүнд байсан. Зарим нь хагалгаанд ороод, одоо тасагт эмчлүүлж байна. Нэг хүүхэд тархины хагалгаанд орсон.
-Танай хүү хэдэн настай вэ. Хэзээ цэргийн албанд татагдсан юм бэ?
-Хүү маань 20 настай. Цэрэгт нэг жил алба хаасныхаа дараа дахин суралцаж, шүхрийн ангид хуваарилагдсан.
Тэгээд сая бэлтгэл хийхээр ангиараа явж байгаад л осолдлоо. Ангийнх нь хоёр хүү өнгөрсөн гэсэн, харамсалтай л байна.
-Юунаас болж осол гарсан юм бол оо. Та бүхэнд мэдэж байгаа зүйл байна уу?
-Тэрийг ёстой мэдээгүй. Хүүхдээ л амьд мэнд харж байвал тэрийг одоо яриад яах вэ. Шалгадаг газар нь шалгаж байгаа байлгүй дээ. Одоо бол хүүгээ л хурдан эдгээсэй гэхээс өөр юм бодохгүй байна.
Ухаан орсон хүүхдүүдийн ярьж байгаагаар бол гэнэт л өөдөөс нь машин гараад ирсэн гэсэн.
-084 дүгээр ангийн удирдлагууд та нартай уулзсан уу?
-Уулзсан. Ангийнхан нь биднийг, хүүхдүүдийг маань эргэж ирж байна. Сахиуруудад нь хоол, цай авчирч өгсөн.
084 дүгээр ангийнхандаа гомдох юм байхгүй ээ. Эм тариа нь ч хангалттай, санаа зовох зүйлгүй гэсэн. Хүү минь л эсэн мэнд байвал боллоо.
Х.АЗЖАРГАЛ