Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах уралдаан зарласан. Энэ хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн уралдааны болзлын дагуу хийсэн ажлуудаа танилцуулав. Тэд Японы “Ойска” төрийн бус байгууллагынхнаас зөвлөгөө авч, гудамж талбайдаа 2000 ширхэг хайлаас, 200 ширхэг чацарганы мод суулгаж, хашаа хатгажээ. Мөн Г, Б байрныхаа 10 га-г зүлэгжүүлж, чулуун хашлагууд хийсэн байна. “Дезерет” олон улсын байгууллагын төслийн уралдаанд шалгарч, шагнуулсан долоон сая төгрөгөөрөө нарийн ногооны хүлэмж хүртэл байгуулжээ. Түүнээс гадна өвчтөн нарлах сүүдрэвч, цэцгийн мандал, машины зогсоол, явган хүний зам тавьснаас гадна өнгөрсөн гуравдугаар сард тэд 300 сая төгрөгөөр “Гандирс орд” ХХК-иар барилгын их засварын зураг гаргуулж, үүд хэсгээ орчин үеийн загвартай болгосон байна. Өдгөө А блокоо засаж байгаа аж.