Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхэд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг. Тэгвэл энэ хичээлийн жилд тэдгээр хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын энэ оны А/683 дугаар захирамжаар хичээлийн шинэ жилийг тохиолдуулан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөөс ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж, шаардагдах 49.890.390 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах юм. Мөн энэхүү үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн нөөц боломжийг дээрх чиглэлд хандуулан, зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ гэж Нийслэлийн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.