Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж өнгөрлөө. Тус зөвлөгөөнөөр хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд дүүргүүдийн хувьд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага харьцангуй буурсан үзүүлэлттэй байсан бол барилга угсралтын үйл ажиллагааны зөвшөөрлийн зөрчилтэй хэд хэдэн барилга байгууламж байгааг дуулгалаа.
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, “Сүүлийн өдрүүдэд зохих зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажил эхлүүлэх явдал нэмэгдэж байна. Тиймээс нийслэлийн холбогдох агентлагууд энэ асуудлыг анхааралдаа авч, судалгаа гаргаж зөрчлийг тухай бүрт нь холбогдох хууль журмын дагуу шийдвэрлүүлэх”-ийг үүрэг болголоо.
Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг бүрэн хангаж, сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй бүс бий болгох, зарим замуудад замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг шинээр тавих зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг холбогдох газруудад үүрэг болгов.