Дорнод аймгийн 14 сумын 3910 малчин өрхөд 1,8 сая толгой бод болон төл мал зусаж байна. Одоогийн байдлаар Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр сум гантай, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан, Гурванзагал сумд гандуу байгаа гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Ургамлын дундаж өндөр 8-21 см байгаа аж.
Аймгийн хэмжээнд хадлан бэлтгэлийн ажилд ашиглах нийт 2380 техник байгаагаас 2354-ийг нь ажилд гаргахад бэлэн болжээ. Үүнд дугуйт трактор 92, бага оврын трактор 479, хадуур 462, тармуур 393, хаман боогч 37, нуруулдагч тав, морин хадуур 232, тармуур 250, чиргүүл 352 байна.
Дашрамд өгүүлэхэд, Аймгийн Засаг даргын баталсан худалдан авах авах ажиллагааны төлөвлөгөөнд улс, орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаар санхүүжих 4.8 тэрбум төгрөгийн 94 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Өдгөө энэ ажлын явц 88 орчим хувьтай, 11 төсөл хүлээгдэж, улсын төсвөөр санхүүжүүлэх хоёр, орон нутгийн төсвөөр 40, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр босох есөн төсөлд гүйцэтгэгчтэй гэрээ байгуулжээ.