2014 оны зургадугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт хөөсөнцөр хавтангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Зөөлөн тэмүүлэл” компанийнхан үйлдвэрлэлээ өргөжүүлэн, Монгол, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Бейхе констракшн” ХХК нэртэй болжээ. Ингэхдээ тэд “Чингис” бондоос 200 сая төгрөгийн санхүүжилт авч, хөөсөнцөр, сендвич хавтан, С-төмөр үйлдвэрлэн,аймагтаа импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Ингэснээр баруун таван аймгийн барилгын салбарт оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт энэ болж буйг тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан үйлдвэрийн нээлтийн үеэр онцолсон байна. Эдгээр барилгын материалыг дотоодын үнээр борлуулж буйгаараа давуу аж. Тус компани өмнө нь 15-н хүний орон тоотой байсан бол одоо 150 гаруй хүнийг ажлын байраар хангаад буй гэнэ.