Өнөө жил мал, амьтны гаралтай халдварт өвчин тэр дундаа тарваган тахал, боом, галзуу өвчин их байгаа. ЗӨСҮТ (Зоонозын өвчин судлалын үндэсний төв) ямар арга хэмжээ авч буй талаар тус төвийн захирал Н.Цогбадрахаас тодрууллаа.
-Тахлын шинэ голомтууд бүртгэсэн гэв үү?
-2015 онд Ховд аймгийн Булган, Хөвсгөлийн Цагаан-Уул, Баянхонгорын Баянхонгор, Галуут суманд тарваган тахлаар өвдсөн байж болзошгүй таван хүнийг бүртгэсэн. Лабораторийн шинжилгээгээр хоёр хүний оношийг үгүйсгэж, хоёр нь батлагдсан. Нэгнийх нь оношийг баталгаажуулахаар лабораторийн шинжилгээ хийж байна. Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Бумбатын Харцагат хэмээх газар оршин сууж байсан 14 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлаар өвчилсний улмаас нас барсан. Өвчний голомтод нийт 245 хүнийг эмчийн хяналтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан. Өдгөө хүн нэмж өвчлөөгүй тул тус суманд тогтоосон хөл хориог цуцалсан. 18 хүртэлх насны хүүхдүүд тахалд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. Мөн Хөвсгөлд нэг хүн боомоор өвчилсөн нь батлагдсан бол Увс аймгийн Тэс сумын нэг хүнээс сэжигтэй шинж тэмдэг илэрсэн. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтууд идэвхжиж байгаа. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн суманд голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтайн Эрдэнэ, Чандмань суманд тахлын шинэ өсгөвөр илэрсэн. Өнөөдрийн байдлаар манай улсын 17 аймгийн 157 сум тахлын голомттой байна.
-Мал, амьтанд хазуулсан хүмүүс нэмэгдэж байна гэсэн. Тарваган тахлаас хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?
-2015 оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 13 хүртэл алсын болон хотын зургаан дүүргийн хэмжээнд мэрэгч амьтны 31 дуудлагаар үйлчилж, нийт 45 сорьц материал хураан, төвийн лабораторид шинжлэхэд тарваган тахлын үүсгэгч илрээгүй. Түүнчлэн эл өвчний дархлаажуулалтыг Эрүүл мэнд, спортын сайдын 165 тоот тушаалын дагуу долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 1-нд зохион байгууллаа. Нийслэлийн есөн дүүрэг, 17 аймагт 30.000 хүн тун вакцин, зүү тариур тараан, 25.217 хүнийг хамруулаад байна. Өдгөө манайд урьдчилан сэргийлэх тарилга үнэгүй хийж байгаа. “Нэг эрүүл мэнд” арга хэмжээний хүрээнд ЭМСЯ, МЭҮГ, Өвөрхангай аймгийн ЗӨСТ хамтран, Өвөрхангай аймгийн төвд өнгөрсөн тавдугаар сард зоонозын халдварт өвчнийг эрт илрүүлэх, сэрэмжлүүлэх үзүүлэх сургуулилалт хийсэн. Мөн энэ сарын эхээр Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төвийнхөнтэй хамтраад “Зоонозын өвчний тархвар судлал, биотехнологи, микробиологийн тулгамдсан асуудлууд” сэдэвт хурал зохион байгууллаа. Байгальд “амьтан-бүүрэг-амьтан” гэсэн хэлхээгээр тарваган тахлын голомт оршиж байдаг. Долоогоос есдүгээр сард тарваганы тарга тэвээрэг, арьс үс гүйцэхийн зэрэгцээ бөөс, бүүргээр өвчин дамжих оргил үе нь болдог тул халдвартай тарвага, бусад мэрэгч амьтан болон тахлын нян агуулсан бөөс, бүүрэг олширч, байгалийн голомтоос халдвар тархах эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс хууль бусаар тарвага агнах, ялангуяа нохойгоор, хавх, урихаар агнаж, мах, түүхий эдийг зарж борлуулах, боловсруулалгүй хэрэглэх зэрэг сөрөг үйлдлүүд давтагдсаар байгааг анхааруулъя. Тарваганы хүн мах, нойр булчирхай, элэг, цөс, давсаг гэх зэрэг түүхий эдийг нь боловсруулалгүй идэх, эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь халдвар авах магадлалыг нэмэгдүүлдэг.