Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд олгохоор шийдвэрлэсэн. Үүний 32.5 хувь буюу 10.15 сая га-г сонгон шалгаруулалтын журмаар, 67.5 хувь буюу 20.94 сая га-г өргөдөл хүлээн авах журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох юм.
Ашигт малтмалын газар уртрагийн 104 градусаас баруун талд нийт есөн сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас хүлээн авч, шийдвэрлэж эхэлсэн. Энэ хугацаанд 23 удаа цахим хэлбэрээр 2235 дугаар олгон, дугаарын дагуу ирсэн 1094 өргөдлийг бүртгэн, хянан шийдвэрлэжээ. Улмаар 452 (2.55 сая га буюу 28.33%) тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэснээ өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын 11.94 сая га талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаар бэлтгэл ажил хангагдсаныг мэдэгдсэн. Улмаар өнөөдрөөс цахим дугаар олгож эхлэхээр төлөвлөснөө дуулгасан билээ. Гэтэл тодорхой шалтгааны улмаас цахим дугаар олгож эхлээгүй байна. Энэ талаар АМГ өнөөдөр мэдээлэл өгөхөөр болжээ.
Ц.Болор