2015.08.21. 07.20 цагт галт тэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнд ирлээ. Хуурай, бүгчим уур амьсгал, тэвдэж яарсан хүмүүс. Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх 700 км замыг зугаатай туулсан “найзууд” маань “За баяртай” гэхийн ч завдалгүй хажуугаар сүнгэнэх нь тэр.
Эрээн, Бээжин хүрэх автобусандаа амжиж суухаар яарсан аж.
“Юу юу авахаа төлөвлөөд сайн бичээрэй. Миний хүү овог нэр, хаанаас, ямар зорилгоор Бээжин явж байгаагаа англиар биччихэж чадна биз дээ” гэж ач хүүдээ аминчлан захисан эгч, Баянхошуунд тэвнэ зүүнээс эхлээд л төрөл бүрийн хүнс, бараа зардаг 60 настай эмэгтэй бүгд л яарсаар явж, хэсэг хугацааны дараа өртөө орчим эл хуль болов.
Иргэний харьяалал, шилжилт хөд өлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь газрын Төмөр замын боомт хариуцсан тасгийн дарга Б.Лхагважав намайг тосон авснаар тус газрын нэг өдрийг сурвалжлах ажил минь эхэллээ.
Тэрбээр 09.00 цагт Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэг ирэхэд шалгагч нартаа ажил хуваарилах ёстой ч үүнийгээ өөр хүнд даатган, даргын тушаалаар Авто замын боомтын ажлыг сурвалжлагч надад танилцуулахаар боллоо.
Тэдний ажлын онцлогийг сонирхуулахын өмнө Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх алба, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс шилжин ирснээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдсаныг дурдах хэрэгтэй.
Дорноговь аймаг дахь газар ч мөн энэ чиг үүргээр ажилладаг. Тус газрынхан Ханги, Төмөр болон авто зам гэсэн гурван үндсэн боомт хариуцдаг. Олон улсын галт тэрэг зогсох, хөдлөх хуваарийн дагуу Дорноговь аймаг дахь газрын Төмөр замын боомт хариуцсан тасгийн дарга, шалгагч, байцаагчдын ажил эхэлдгээрээ онцлог.
Өөрөөр хэлбэл, ажлын цагт баригдахгүй ч галт тэрэг хэдэн цагт “морилно” төдөн цагт ажил дээрээ бэлэн байх үүрэгтэй. Харин Авто замын боомтын шалгагч нарын хувьд байдал өөр.

Тэд Монгол Улсын хил нээх, хаах цаг буюу өвөл 08.00-18.00, зун 0.9-19.00 цаг хүртэл ажиллана. 08.30 цаг Тус газрын жолооч шалгагч нарыг машиндаа суулган, Авто замын боомтод ирлээ. Бор ногоон өнгийн “УАЗ-469” машинууд ар араасаа урт цуваа үүсгэн зогсчээ. Машинуудтай зэрэгцэн Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобуснууд ч харагдана.
Хил гарах гэсэн “УАЗ-469” машины жолооч нар 3-5 хоногийн өмнө дугаарлан зогсдог гэнэ. Хичээлийн жил эхлэх энэ үед Замын-Үүд боомт хамгийн ачаалалтай байдаг аж. Өдөрт 700 орчим машин хил гарахаар “зүтгэнэ”.
Авто замын боомт хариуцсан тасгийн даргын түр орлон гүйцэтгэгч, ахлах шалгагч С.Сүхбат шалгагч нарт штампыг нь олгож, өмнөх хоногийн мэдээ танилцуулав. Өнгөрсөн хоногт ноцтой зөрчил илрээгүй бөгөөд визийн хугацаа хэтрүүлсэн хоёр хятад иргэнд зохих арга хэмжээ авчээ.
Тэрбээр, бичиг баримтын шалгалт дөрөвдүгээр цэг 58, тээврийн хэрэгслийн шалгалт тавдугаар цэг 42 гэх зэргээр ажил үүргийг нь хуваарилан өгөв. Нэг шалгагч өдөрт дор хаяж 400 орчим автомашины жолоочийн бичиг баримт, хилээр гарах зорчигчид гадаад паспортдаа штамп даруулсан, эсэхийг шалгадаг юм байна. 



18.30 цагийн үед манайхан хилээ хаадаг бол хятадууд Монгол руу ирэх хүмүүсийг 19.00 цаг хүртэл гаргадаг байна. Тиймээс Эрээний боомтоос хэчнээн авто машин гарч дуусна тэр хүртэл ажиллана,
21.00 цаг хүргэх тохиолдол ч цөөнгүй гэнэ. Өнөөдрийн (өнгөрсөн баасан гариг) авто замын боомтын гарах чиглэлд шалгагч М.Найдалмаа ажиллаж байв. Орон нутгийн галт тэргээр ирсэн хүмүүс автобус болон “УАЗ-469” машинд хуваагдан суужээ.
Хилийн 108 дугаар ангийн ажилтан тэднийг хэсэг хэсгээр нь хуваан хил гарах чиглэлийн танхимд оруулж байлаа. Үүний зэрэгцээ өөр нэг шалгагч хүнд даацын ачааны машиныг шалгаж байв. Хятадын талаас машины кабинд жолоочоос өөр хүн явахыг хориглосон учраас “туулай” байгаа, эсэх болон жолоочийн бичиг баримт, машины бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгав.
Хилээр гарах ачааны машинд зөрчил илрэх нь бага бөгөөд анх удаа явж байгаа шинэхэн жолоооч нар гадаад паспортдаа штамп даруулахгүй байх зөрчил л гардаг аж. Монголын нутгаас шил, лааз ачсан, ихэнхдээ хоосон чиргүүл хил гараад, элдэв ачаагаа дааж ядан ирнэ.
10.10 цаг Үндсэн ажлаа түр хойш тавьсан Б.Лхагважав даргын хамт Төмөр замын боомтод ирлээ. Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг дүнхийн, зорчигчид хил нэвтрэх эрхийн бичгээ хүлээсэн байртай сууцгааж байв. Шалгагчид гадаад паспортыг нь хураан авчээ.
Нэгэн шалгагч “Ийм зөрчил гарлаа, яах вэ” гэсээр Б.Лхагважав даргыг угтав. Эрээн орох гэсэн нэгэн гэр бүлийн охины гадаад паспортад овгийг нь буруу биччихжээ. Батчимэд гэхийг Батчимэг гэж бичсэнээс болж, тэд хил гарах эрхгүй боллоо.
Гэхдээ тэдэнд нэг боломж бийг тасгийн дарга тайлбарлаж өгөв. Батчимэг гэсэн овгоороо хил гарвал Хятадын тал мөн л буруу овог нэрээр бүртгэж авах учраас үүнийг засуулах хэрэгтэйг хэлээд, Хилийн 108 дугаар ангиас Хил орчмын нутагт зорчих үнэмлэх авч, Эрээн гарч болохыг зөвлөв.
Уг үнэмлэхээр Эрээнээс цааш зорчиж болохгүй гэнэ. Шалгагч нар бичиг баримтын энэ мэт зөрчлийг арилгуулсны дараа паспортуудаа аваад тус тусын галт тэргэнд орж, эзэнд нь буцаан өгөв.
Нэрийг нь дуудан паспорт олгоход ямар нэгэн асуудалгүй “эргэн ирсэн”-д нь баярласан хүмүүс хоёр гардан авч харагдана. Тэдний дунд хятадууд ч цөөнгүй.

10.50 цаг. Галт тэрэг хөдлөхөд 10 минут дутуу байв. Нэгэн хүү итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй ганцаараа хил гарахыг завджээ. Тэрбээр учир байдлаа тайлбарлан галт тэргэнд суухыг гуйсан ч 16 нас хүрээгүй байж асран хамгаалагчгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчгүйгээр хил гаргахгүй хэмээн хорив.
Хүний наймааны золиос болох аюултайг ч түүнд хэллээ. “Галт тэргэнд суулгаагүй нь чамайг хохироогоод байгаа юм шиг санагдаж болох ч аюулгүй байдлын чинь төлөө шүү. Одоо миний дүү Улаанбаатар руу буц даа” гэж учирлахад нөгөө хүү нүдэндээ нулимстай эргээд алхав.
БНХАУ-д насанд хүрээгүй монгол хүүхдүүд хулгай хийж, гэмт хэрэгтэн болох тохиолдол буурахгүй байгаа учраас хилээр нэвтрэхэд нь онцгой анхаарч буй аж. Бусдын бичиг баримт, регистерийн дугаар ашиглан хил гарахыг завдсан зөрчил ч мөн их.
Ялангуяа хар тамга даруулсан хятад иргэд нэр, зүсээ өөрчлөн хилээр нэвтрэхийг завдаад баригддаг гэнэ. Үүнийг шалгагчид ур чадвараа ашиглан илрүүлэхээс өөрөөр хуурамч бичиг баримт үйлдсэнийг нь таньж мэдэх амаргүй.
Тиймээс шалгагч нарт мэдрэмж хамгийн чухлыг Б.Лхагважав хэлэв. Тэрбээр “Ямар нэгэн хууль бус зүйл хийх гэж буй хүн сандрахгүй байна гэж бараг л үгүй. Бичиг баримт, эд зүйлийг нь шалгахдаа тэр хүний нүд рүү эгц харах хэрэгтэй” гэв.
Бусдын нэр, бичиг баримтаар хил гарахыг завдсан хүмүүс эхлээд гүрийдэг ч сүүлдээ уйлж, бүх үнэнээ хэлдэг аж. Эрээнд очоод хүүхдүүдээр хулгай хийлгэх гэж байснаа ч хүлээдэг гэнэ.
12.00 цаг Элс нь шуурч “догшроод” айлын цонх хүртэл халхалдаг энэ нутаг өнөөдөр аядуу тогтуухан байлаа. Үдийн нар төөнөөд халуун гэж жигтэйхэн ч хот газрыг бодвол хөл хөдөлгөөн татруу.
Авто болон Төмөр замын боомт дахь үймсэн олныг эс тооцвол шүү дээ. Авто замын боомтын шалгагч нар “УАЗ-469” болон ачааны машинаа шалгаж л байгаа. Харин Төмөр замын боомтынхон 18.00 цагийн Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг иртэл бичиг баримт цэгцлэх, өөр бусад ажлаа амжуулна.
Дорноговь дахь газрын ажилтнуудын олонх нь нутагтаа буй. Энд тэндээс томилогдон ирсэн ажилтнууд нь тус газрынхаа байрны хоёрдугаар давхарт төвхнөжээ. Тиймээс ч цайныхаа цагаар гэртээ очоод хооллочихно.
Энэ жишгээр Б.Лхагважав дарга ч гэртээ харьж, ундлав. Тэрбээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэр Г.Сарантуяа Хил хамгаалах 108 дугаар ангид ажилладаг аж. Хилийн цэргийн дээд сургуулийн оюутан байхдаа танилцсан тэд удалгүй гэр бүлээ батлуулжээ.
“Буянт-Ухаа” дахь боомтоос ажлын гараагаа эхэлсэн Б.Лхагважав залуу хүн хэдий ч удирдах албан тушаалаас нэр салаагүй.
Ховдын Булганы боомтын орлогч даргаар ажиллаж байгаад Дорнодын Эрээнцав боомтын Шалган нэвтрүүлэх алба эрхэлсэн орлогчоор томилогджээ. Бас энэ газрын Төмөр замын боомтын тасгийн анхны дарга.
13.00 цаг Цайны цаг дууссан ч олон улсын галт тэрэг ирэх болоогүй тул Б.Лхагважав даргатай хөөрөлдөх боломж гарсан юм. Тэрбээр ажилтнуудынхаа цагийн бүртгэл, илрүүлсэн зөрчлийг тэмдэглэж дууслаа.
Он гарснаас хойш өдий хүртэл хэчнээн зөрчил илрүүлсэн тухай асуухад “Энэ оны эхний найман сарын байдлаар 102 орны 1.077.482 зорчигч, 27 орны 498.516 тээврийн хэрэгсэл шалгасан. Үүнээс 166 иргэний улсын хил нэвтрэх эрхийг түтгэлзүүлсэн бол нэрээ сольж болон бусдын бичиг баримт ашиглан улсын хил зөрчсөн найман иргэн, хориглосон болон хязгаарласан эд зүйлс, бараа бүтээгдэхүүн хил нэвтрүүлэхийг завдсан 14 удаагийн зөрчил илрүүлэн холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн баримт бичгийн зөрчилтэй 805 хүнийг илрүүлсэн” гэв.
Хэд хоногийн өмнө Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 1.2 сая төгрөгийг хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригджээ. Гаалийн байгууллагад энэ тухайгаа мэдүүлээгүй байсан бөгөөд, 10, 20, 50, 100-тын цоо шинэ мөнгөн дэвсгэртийг бэлэг дурсгалын зориулалтаар хил гаргах гэж байсан аж.
Түүнчлэн Улсын мөрдөн байцаах газар, шүүх прокурорын байгууллагаас өгсөн мэдээллийн дагуу хил гарахыг хориглосон иргэд олонтаа саатуулагдсан байна. Тус газраас хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь шалгах шатлалыг өнгөрсөн нэгдүгээр сарын 8-наас цөөлсөн явдал.
Улсын хилээр нэвтэрч байгаа галт тэргийг Замын-Үүд өртөөнд шалгасан бол Хилийн боомт дээр дахин шалгахаа байжээ. Ингэснээр эдийн засаг болон цаг хугацаа хэмнэж буй юм байна.
Тодруулбал, галт тэрэг нэг удаа зогсоод хөдлөхдөө 10 минут зориулахаас гадна хэр их ачаатай байгаагаас үл хамаарч 26 литр түлш зарцуулдаг аж.
Мөн Олон улсын орох чиглэлийн галт тэрэгний зорчигчдыг хоёр удаа шалгадаг байснаа нэг болгожээ.
15.00 цаг Тус газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга Ц.Амаржаргал Дорноговь аймгийн газарт ирэх долоо хоногоос нэвтрүүлэх гэж буй ISM хэмээх шинэ системийн талаар товч мэдээлэл өгөв. Үүнийг “Буянт-Ухаа” боомтын нисэх онгоцны буудалд туршиж эхэлсэн.
Гадаад, дотоодын иргэдийг хил нэвтрэхэд хурууны хээгээр бүртгэх ухаалаг систем удахгүй энд биеллээ олно. Ингэснээр бичиг баримт хуурамчаар үйлдэх боломжгүй болох юм. Зүсээ хувиргаад ч нэмэргүй.
Саяхан гэхэд Баатар хэмээх нэртэй нэгэн хятад иргэн Монголд хил нэвтрэх эрхгүй болсон хэрнээ дахин Төгсбаатар гэдэг нэрээр шинэ үнэмлэх, паспорттай хил давах гэжээ. Үүнийг нь тус боомтын шалгагч илрүүлсэн байна.
Манай улсын хилийн дээс алхах эрхээ хасуулсан хэдий ч ийнхүү бичиг баримт шинээр гаргуулан Монголд ирэх гэж улайран зүтгэдэг нь олон жишээнээс харагдаж байв. Үүнийгээ Монгол цалин хангамж сайн, амьдрах газар тухтай гэж тайлбарладаг аж.
Жуулчны визээр орж ирээд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хятад иргэдийг хар тамга дараад нутаг буцаадаг ч ийм явдал гарсаар л байна.
Мөн энэ үеэр Ханги боомтыг БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байнгын үйл ажиллагаатай болгох гэж буйг дуулгав. Хятадын Мандал боомттой хиллэдэг тус боомт нь III, V, VIII, XI сард ажиллаж байгаа аж.
18.00 цаг Нам гүм байдлыг эвдэн Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг ирлээ. Төмөр замын боомтын шалгагчид 30 минутын өмнө ажил дээрээ цугларав. Тус газрын тасгийн дарга Б.Лхагважав хүн бүрт штамп олгож, аль аль галт тэргэнд ажиллахыг хуваариллаа.
Улсын хил нэвтрэх эрхийг олгох, эсэхийг шийддэг хариуцлагатай ажлын эзэд 120 минутад багтаан бүх хүний бичиг баримтыг нягтлах ёстой. Энэ үеэр мөн л визийн хугацаа хэтрүүлсэн зөрчил гарав. Биднийг дулаан хөнжилд дуг нойрондоо байхад ч тэд ажиллах нь цөөнгүй.
02.00 цагт ирсэн галт тэргийг угтан зорчигчдын бичиг баримт урагдсан, норсон, хүчинтэй хугацаа дууссан, овог нэр зөв бичсэн эсэхийг нягтлан шалгах, хууль хяналтын байгууллагынхны эрэн сурвалжилж буй этгээдийг ч илрүүлэн хөл хорих эрх мэдэл зөвхөн тэдэнд л бий. Өнөөдрийн хувьд шөнийн галт тэрэг байхгүй учраас тэдний ажил энд хүрээд дууссан юм.
Ч.БОЛОРТУЯА