Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны долдугаар сарын 15-ны өдрийн 79 тоот “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” тогтоол гарч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороонд байрлах Жанжин Сүхбаатарын талбайг Их Монгол Улсыг үндэслэгч Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэж өөрчлөн нэрлэсэн. Гэтэл Сүхбаатарын талбай байгуулах шийдвэрийг нийслэл биш 1946 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Сайд нарын зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэсэн. Тэгэхээр Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх эрх Нийслэлийн ИТХ-д байхгүй Засгийн газарт бий гэсэн үг. Мөн УИХ-аас баталсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.8-д “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх” гэж заасан байдаг. Тэгэхээр Сүхбаатарын талбайн нэр бол Засгийн газрын тогтоол, УИХ-аас баталсан хуулиар баталгаажсан нэршил. Ийм зүйлийг өөрчлөх, солих эрх Нийслэлийн ИТХ-д байхгүй. Тиймээс ч Д.Сүхбаатар жанжны үр ач нар талбайн нэршлийг өөрчлөхийг эсэргүүцэж байгаа бөгөөд олон нийтийн санал асуулга явуулаад байгаа юм.


Д.Сүхбаатар жанжны гуч охин Д.Сүхжаргалмаа: Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайг Чингисийн нэрэмжит талбай болгон өөрчилсөн явдлыг иргэд хэрхэн үзэж байгааг мэдэхээр Ардын намаас ард түмний санал асуулга явуулж байгаа юм. Ингэхдээ надад урьдчилан мэдэгдэж, ямар санаа бодолтой явдгаа илэрхийлээч хэмээн хүссэн. Хэдийгээр аль хэдийн нэрийг солих шийдвэр гаргасан ч түүнийг нь хууль бус гэж бодож байна. Монгол Улсын хуулиар Ардын их хурал буюу УИХ, Сайд нарын зөвлөл буюу Засгийн газрын түвшинд гарсан шийдвэрийг орон нутгийн түвшинд өөрчлөх ёсгүй. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийг үл ойшоож Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр бол хууль бус үйлдэл юм. Үнэхээр өөрчлөх ёстой бол энэхүү асуудлыг УИХ-аар батлуулах ёстой байсан. Хэрэв шинээр бий болгосон гудамж талбайг өөрсдийнхөө түвшинд нэрлэж болно.
Д.Сүхбаатар жанжны зээнцэр Ц.Хүрэлсүх: Энэ бол жанжин Сүхбаатарын гавъяаг үгүйсгэсэн хэрэг юм. Үүний цаана бүхэл бүтэн түүх бий. Тэр түүхэн замналыг өөрсдийн дураар өөрчлөх эрх хэнд ч байхгүй. Энэ бол дэлхий, олон улсад нэр нь түгсэн алдарт Сүхбаатар жанжны морьтой хөшөө. Үүнд жанжны хийж байсан үйлдэл, хэлж байсан үгс зэргийг гэрчлэх түүхэн баримт агуулагдаж байгаа. Тиймээс нэршилийг нь өөрчилнө гэдэг нь Монгол Улсын хувьсгалын түүхэнд Д.Сүхбаатар жанжы оруулсан гавъяа зүтгэлийг бүдгэрүүлсэн хэрэг юм.
