Олон улсын хүүхдийн VI их наадам энэ сарын 25-30-нд ОХУ-ын Буриад улсад болно. Монгол туургатны их наадам нэрийн дор зохион байгуулдаг тус наадамд манайхаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчин спортын есөн төрөлд хүч сорихоор болжээ. Тэднийг Спортын төв ордны гаднаас ЭМСЯ-ныхан өнөөдөр үдэн, тамирчдад амжилт хүсэж, төрийн далбаа гардуулав. Хүүхдийн их наадамд оролцох баг тамирчдад ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, “Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатарын санаачилсан Монгол туургатны хүүхдийн их наадам зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Жил ирэх тусам цар хүрээгээ тэлж буй энэхүү наадамд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдад өндөр амжилт хүсье. Монгол Улсын Засгийн газрын 379 дүгээр тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын тавдугаар наадам болно. Уг наадамд та нарын дотроос оролцохоор эрхээ авсан нь мэдээж. Тиймээс та бүхний өмнө өндөр хариуцлага байна. Энэ хариуцлагыг дааж, амжилтад хүрэх нь чухал” гэж хэллээ.