ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн цахилгаан хангамжийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрийг ХБНГУ-ын Инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг таван жилийн хугацаанд магадлан итгэмжлэхээр болжээ.
Ингэвэл манай улсын инженерийн боловсролыг олон улсад анх удаа хүлээн зөвшөөрсөн хэрэг болох юм. Дээрх байгууллагын шинжээч, мэргэжилтнүүд манай их, дээд сургуулиудад инженер, байгалийн ухаан, математикийн хөтөлбөрийн олон улсын болон Европын магадлан итгэмжлэлийн үйл явц, туршлагыг танилцуулж, эдгээр мэргэжлийн хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжлүүлэхэд юу анхаарахыг зөвлөж байгаа юм байна.
ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль болон дотоодод магадлан итгэмжлүүлсэн 12 сургуулийн 29 хөтөлбөрийн гэрчилгээг БСШУ-ы сайд Л.Гантөмөр өчигдөр гардууллаа.
Дотоодод магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөрт МУИС-ийн даатгал, санхүү, сэтгэл судлал, ШУТИС-ийн аялал жуулчлалын менежмент, текстилийн үйлдвэрлэлийн технологи, Ховд их сургуулийн нийгмийн ажилтан, багш, байгалийн ухааны боловсрол, нягтлан бодох бүртгэл, Нийгмийн ухааны дээд сургуулийн багш, нийгмийн ухааны боловсролынх багтаж, таван жил итгэмжлэгдэж байгаа юм байна.
Манай улсад Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл уг ажлыг гүйцэтгэдэг бөгөөд цаашид тэргүүлэх чиглэл болох багш, инженер, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудыг олон улсад болон дотоодод магадлан итгэмжлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Ч.ЗУЛ