Олны дунд Зайсан дахь хорих хэмээн нэрлэгддэг хорих 401, 411 дүгээр ангийн газар, үл хөдлөх хөрөнгийг өнөөдөр 11.00 цагт нээлттэй дуудлагаар худалдах юм байна. Энэ талаар Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга Д.Эрэвгийлхамаас тодрууллаа.
-Эдгээр хорих анги хэдий хэмжээний газартай юм бол?
-ШШГЕГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хорих 401, 411 дүгээр ангийн барилга нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт оршдог. Нийт 5.3 га газар, 29 нэрийн үл хөдлөх хөрөнгийг нь дуудлагаар худалдах гэж байна.
Тухайлбал, 401 дүгээр ангийн дамжин өнгөрөхийн спорт заал, буудлагын байр, блокон хашаа, мөн эмнэлгийн хоёр давхар барилга, дагалдах байгууламжууд, 411 дүгээр ангийн контор, сургуулийн зориулалттай хоёр давхар барилга зэрэг байгууламж бий.
-Зайсан толгойн урд хэсэг хэдийнэ суурьшлын, тэр дундаа тансаг хорооллын бүс болсон. Тэгэхээр энэ газрын дуудлага худалдаа нэлээд өрсөлдөөнтэй болох байх?
Сонирхогч олон байна. Өрсөлдөгчдийн талаар мэдээлэх боломжгүй.
-401, 411 гээд хоёр ангийн газар яригдаж байна. Газрын хоёр гэрчилгээ байдаг хэрэг үү?
-Нийт 5.3 га газар байдаг. Гэрчилгээ нь хүүхдийн хорихын буюу 401 дүгээр ангийнх. 411 дүгээр анги 401-ийн газар дээр байдаг гэсэн үг.
-Хэдэн төгрөгөөс дуудах вэ. Худалдан авагч хэдий хугацааны дараа газар, эд хөрөнгөө өөрийн өмч болгож авах бол?
-Санал болгож байгаа доод үнэ 7.8 тэрбум төгрөг. Худалдан авагч эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлснөөр хорих ангийн газар, барилга байгууламжийг шинэ өмчлөгчид шууд шилжүүлнэ.
-Одоо тэнд хоригдож байгаа хүүхдүүд, дамжин болон эмнэлэгт байгаа ялтнуудыг хааш нь шилжүүлэх юм бол?
-ТӨХ энэхүү дуудлага худалдааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29.1, 44.1.2 дахь хэсэг, УИХ-ын 2014 оны 30, Засгийн газрын 2014 оны 188, 2015 оны 44 дүгээр тогтоолд үндэслэн явуулахаар шийдвэрлэсэн.
ШШГЕГ хоригдлуудыг нэгдсэн төв хорих руугаа нүүлгэн шилжүүлж, дуудлагаар худалдсан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлнө.
Б.ЦЭЦЭГ