Засгийн газрын зургаан сайдыг нөхөн томилох асуудлаар улс төрийн намууд зөвшилцөлд хүрэхгүй байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдынхаа нэрийг намрын чуулган эхлэхээр өргөн барихаар болсныг өчигдөр түүний хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдэгдлээ.
Намрын чуулган аравдугаар сарын эхээр нээгдэх хүртэл намууд зөвшилцөл, тохиролцоогоо үргэлжлүүлэх юм байна. Ерөнхий сайдыг зургаан сайдынхаа нэрийг өргөн барьсны дараа ээлжит бус чуулган зарлана хэмээн З.Энхболд дарга мэдэгдсэн.
Сайдын нэрийг намрын чуулган хүртэл оруулж ирэхгүй учраас ээлжит бус чуулган ч болохгүй гэсэн үг. Засгийн газрын огцорсон сайдын орны хүнийг сарын дотор томилох хуультай. Гэвч хуульд зөвхөн ээлжит чуулганы үеэр сайд огцруулсан бол 30 хоногт нөхөн томилохоор тусгасан байдаг аж.
Тэгэхээр ээлжит бус чуулганы үеэр энэ асуудлыг хэлэлцсэн учраас 30 хоногийн хугацаа хамаарахгүй гэнэ. Нэгэнт намууд улс төрийн зөвшилцлөө хийж байх зуурт Ерөнхий сайд улс орныхоо ажилд санаа тавих юм байна.
Засгийн газар цаг үе, эдийн засгийн олон асуудал шийдвэрлэх шаардлагатай учраас Ерөнхий сайд сандал ширээний асуудал ярихаасаа илүү эдийн засгийг эрчимжүүлэх болон бусад асуудлаар шуурхай ажиллах гэнэ. Тэрбээр ирэх долоо хоногт газар тариалангийн бүс нутагт ажиллана.
Мөн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдэл, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар гомдол, санал их байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэхийг Ерөнхий сайд салбарын сайдад үүрэг болгожээ.
Аравдугаар сар гарч, намрын чуулганаар сайд нар томилох хүртэл төрийн ажил яах вэ гэсэн асуултад Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр “МАН-ын зургаан сайдыг УИХ-аас чөлөөлсний дараа буюу наймдугаар сарын 7-нд Ерөнхий сайд захирамж гарган, Засгийн газрын гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд сайд нарын үүргийг зарим сайдад хариуцуулахаар шийдвэрлэсэн.
Энэ дагуу яамдын ажил хэвийн үргэлжилж, Засгийн газрын хуралдаан товлосон хугацаандаа тогтмол хуралдаж, асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэн ажиллаж байгаа” гэсэн тайлбар өглөө. Ээлжит бус чуулган зарлаад хэлэлцэх бас нэг асуудал нь Өршөөлийн хуулийн зарим заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хориг байсан.
Нэгэнт ээлжит бус чуулган хийхгүй болсон учраас хоригийг ч мөн намрын чуулганаар хэлэлцэнэ. Ээлжит чуулганы үед Ерөнхийлөгч аливаа хуульд хориг тавьсан бол эхний асуудал болгон хэлэлцэх ёстой.
Харин чуулган завсарласан үед тавьсан бол ээлжит бус чуулган зарласнаас хойш 10 хоногт хэлэлцэх хуультай юм. Тэгэхээр сайд нөхөн томилох, хориг хэлэлцэх асуудлыг аль алиныг нь намрын чуулганаар шийдэх болж байна.
С.УУЛ