Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах эрхтэй болсон оюутнуудад сургалтын төрийн сангийн санхүүжилтээр сургах зарлигийг Ерөнхийлөгч 2013 онд гаргасан билээ. "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам" ёсоор 2015-2016 оны хичээлийн жилд 80 оюутныг төрийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулахаар боллоо.
Энэ оны сонгон шалгаруулалт өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон бөгөөд сонгон шалгаруулалтад оролцогсдын 40 хувь нь шилдэг сургуулиудын жагсаалтад эхний 20-д эрэмбэлэгдсэн сургуульд элсэн орох эрхтэй сурагчид байсан байна. Сонгон шалгаруулалтыг баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага гэсэн хоёр шаттай зохион байгуулсан байна. Эхний 35-д жагссан оюутныг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах тухай шийдвэр гарсан бол өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр шалгаруулалтын дүнгээр 36-80 дугаар жагссан оюутнуудын сургалтын төлбөр болох 4.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн 2015 оны төсвийн тодотголд тусгахаар боллоо.
Дашрамд дурдахад, 2014-2015 оны хичээлийн жилд төрийн сангийн зээлээр 86 оюутан шилдэг сургуульд суралцсан байна.
Төрийн сангийн санхүүжилтээр суралцах оюутнууд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ хийдэг бөгөөд сургуулиа төгсөн эх орондоо ирж ажилласны дараа зээлээс чөлөөлдөг журамтай аж.