Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ жилийн ургацын төлвийн талаар гишүүдэд танилцууллаа.
Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байгаа аж.
Таримал ургамлын чийгэнд хамгийн эмзэг үе болох зургаа, долдугаар сард тариалангийн гол бүс нутгаар хур бороо багатай байж, хэт их халснаас ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлжээ. Үүний улмаас улаан буудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудайн төлөвлөсөн ургацын 46,3 хувийг алдсан гэх төлөв гарчээ.
Ургацын урьдчилсан балансаар цэвэр жингээр 241.4 мянган тонн буудай зарцуулагдах төлөвтэй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 27.4 мянган тонн буудайг нэмж тооцвол 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэж байгаа юм.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн буудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байна.