Монголчуудын эрүүл мэндийг доройтуулах хамгийн том эрсдэлт хүчин зүйл нь согтууруулах ундаа болчихоод буй. Мэдээж хэрэг хэн нэгний ам руу энэхүү гашуун ундааг цутгаагүй нь лав. Хүмүүс өөрсдөө хэтрүүлэн хэрэглэсээр амь, биеэ түүнд “тушааж”, улам донтсоор байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ)-гээс гаргасан статистик батална. Хууль зүйн яам, НЭМХ, хамтран “Архинд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” сэдэвт сургалтыг өчигдөр нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төв болон хороодын нийгмийн ажилтан нийлсэн 100 гаруй хүнд явууллаа. Үүгээр Монгол Улсын хүн амын дундах архины хэрэглээ, хор хөнөөлийг бууруулах стратеги, зан үйлийг хэрхэн өөрчлөх талаар хэлэлцсэн. ДЭМБ, НЭМХ 2005, 2009, 2013 онд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалын судалгааг хийсэн бөгөөд согтууруулах ундааны хэрэглээний үзүүлэлт Монголд жил ирэх тусам нэмэгдэж буйг хурлын үеэр онцлов.
Монгол Улсын нэг иргэнд 23 литр согтууруулах ундаа ногдож, насанд хүрсэн хүн амын талаас илүү хувь нь бор дарс хэрэглэж байгаа аж. Эдгээрийн найман хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаад судлаачид эмзэглэж байв. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэх ардын үг бий. Согтууруулах ундаа хэтрүүлэн хүртсэн иргэд зам тээврийн осолд өртөх, гэр бүлээ хүчирхийлэх басхүү золиос болж буй нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буйг Эрүүл мэндийг дэмжих, сургалт, судалгааны арга зүйн төвийн эрдэм шинжилгээний ажилтан П.Ундармаа хэллээ. Тиймээс өрх, сумын эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээнд донтох эмгэг, архины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх чиглэлээр мэдээлэл сурталчилгаа хүргэхэд нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо чухал болохыг сануулж, сургалтыг дөрвөн үе шаттай зохион байгуулахаар болжээ.