Эрүүл мэндийн салбарын ажилтнууд “Хог bucket challenge” аянд нэгдэж, Баянзүрх дүүргийн XIV хорооны гэр хорооллын гудамж, талбайг цэвэрлэсэн. Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд “Нарантуул” захын ойролцоох газрын хөрснөөс гурван хэсэг дээж авч, лабораторид шинжилсэн хариугаа гаргажээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд тус газрын ойролцоох хөрс хүнд металлын бохирдолгүй ч гадарга нь хог хаягдлаас үүдэн нянгаар дүүрсэн байна. Нэг гр хөрсөнд агуулагдах нянгийн тоогоор хөрсийг дөрвөн зэрэгт хуваадаг аж. Энэ тоо нь 1-1.5 сая байвал цэвэр, хоёр сая бол бага зэрэг бохирдсон, 2.5-3 сая бол дунд зэрэг бохирдсон, 3-5 сая, түүнээс дээш бол их бохирдсон гэж үздэг юм байна. Шинжилгээ хийсэн хөрсний дээжүүдэд нянгийн тоо их бохирдолттой буюу 2.9-7.3 сая байжээ. Энэ нь гэдэсний савханцрын титр 0.01-0.001 буюу маш өндөр бохирдсон дээжүүд аж. Тиймээс хатуу хог хаягдлыг тогтмол зайлуулах, хог байсан газрыг нь зүлэгжүүлэх, энэ хавиар амьдардаг иргэдийг гараа тогтмол угааж, хүүхдээ гадаа тоглуулахгүй байхыг сануулав. Мөн ариутгал халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийн, стандартын бие засах газар барьж, бохирын цооногтой болохыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөлөө.