Энэ жил төрөөс сурагчдын дүрэмт хувцасны үнийг зохицуулахгүй хэмээн мэдэгдсэн. Харин “Батзүү” компанийн захирал Ж.Оюунчимэг дүрэмт хувцас үйлдвэрлэж буй бусад компани монгол даавуугаар хувцас оёсон гэж иргэдийг хууран, хэт өндөр үнээр борлуулалт хийж байна хэмээн мэдээллээ. Түүний хэлж байгаагаар манай улсад даавуу үйлдвэрлэх ямар ч боломж байхгүй гэнэ. Хэрвээ Монголд даавуу үйлдвэрлэвэл тус компани нэг метрийг нь нэг сая төгрөгөөр худалдаж авна гэв. 2013-2014 оны хичээлийн жилээс сурагчдын дүрэмт хувцасыг үндэсний үйлдвэрүүд нэгдэн оёж, сургуулиудад нийлүүлж эхэлсэн. Тухайн үед Засгийн газраас дүрэмт хувцас нийлүүлэх долоон компанийг шалгаруулж, 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон юм. “Батзүү” компани тус зээлд хамрагдаж чадаагүй ч сурагчдын дүрэмт хувцасыг 35-55 мянган төгрөгөөр борлуулж буй аж. Тиймээс зээл авсан компаниуд бодит үнэ тогтоож, өрсөлдөхийг хүслээ.