Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байгаад өнгөрсөн долдугаар сард хар тамхи олж авсан хэрэгт холбогдоод байгаа Х.Тамир, түүний найз Б.Амарбаясгалан нарыг АТГ, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч шалгаж байна.
Цагдаагийн байгууллагынхан прокурор холбогдсон уг хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, энэ талаар бичсэн сэтгүүлчдээс тайлбар авна хэмээж байгаа сурагтай.
Х.Тамир, Б.Амарбаясгалан, “мөс”-ийг нь хилээр оруулж ирэн Говьсүмбэр хүртэл авчирч өгсөн Сүхбаатар нарт холбогдох хэргийн талаар бид мэдээлэхдээ Х.Тамирын машины тээшнээс олон жил дарсан хавтаст хэргүүд олдсоныг уншигчдад хүргэсэн.
20 гаруй хавтаст хэрэг, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нэлээд олон тооны тогтоол нь хахуулийн хэргийн нотлох баримт байж болзошгүй учраас АТГ-аас хамтарсан ажлын хэсэгт орж ажиллаж буй гэнэ.
Прокурорын байгууллагын эх сурвалж “Хамтарсан ажлын хэсэг гарч Х.Тамир нарын гурван хүнд холбогдох хэргийг шалгаж байгаа нь үнэн. Х.Тамирыг прокурорын байгууллагаас халсан” гэсэн мэдээлэл бидэнд өгсөн юм.
Г.РАВЖАА