Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт Монгол, Хятад иргэд зодолдсон хэрэг өнгөрсөн даваа гаригт гарчээ. Тэд тус хорооны нутаг буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт барьж буй Шангри-Ла зочид буудлын дэргэдэх барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэж байсан барилгачид аж.
Барилга дээр хэд хэдэн туслан гүйцэтгэгч компанийн монгол, хятад нийлсэн 1000 гаруй хүн ажилладаг. Тэдний хоорондоо зодолдох болсон шалтгаан нь ажлын багажаа булаацалдсанаас үүдэлтэй гэнэ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд буруутныг эцэслэн тогтоогоогүй байгаа аж.
Учир нь зодолдсон хүмүүс бүгд “Намайг зүгээр байхад эхлээд цохьсоноос болж би хохирсон” хэмээн мэдүүлж, Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хандах хүсэлтэй буйгаа хэлжээ.
Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс өнөөдөр Гадаад хэргийн яамны Консулын газар, БНХАУ-ын Элчин сайдын яам, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газартай хамтран тус барилгын ажилчдад яриа, таниулга хийж байна.
Дашрамд дурдахад, уг зочид буудлын барилгыг ирэх онд болох АСЕМ-ын уулзалтад зориулан барьж байгаа аж.
“Цаг хугацаатай уралдан босгож буй энэ барилгын ажил нэг өдөр зогсоход 200 мянган ам.долларын алдагдалд орно. Гэтэл энэ хэргээс болж ажлын гүйцэтгэл нэг хоногоор хоцорч алдагдалд орлоо. Зодооны хэргээс болж компани дотоод дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Ингэхдээ ажлын байранд хэрүүл маргаан хийх, өдөөн хатгалга явуулах, нэг нэгэндээ дарамт шахалт үзүүлсэн тохиолдолд хамтран ажиллах гэрээгээ цуцлахаар болсон” хэмээн эх сурвалжууд мэдээллээ.
Х.АЗЖАРГАЛ