Энэ долоо хоногийн хамгийн халуун сэдэв бол цэцэрлэг. Улсын цэцэрлэгийн бүртгэл өчигдрөөс эхэлж, хоёр гурав хоног цэцэрлэгийн үүдийг сахисан эцэг эхчүүдийн зарим нь бүртгүүлж чадалгүй харьж буй.
2015-2016 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол эзэмших 2-5 насны 116.500 хүүхэд байгаа бол улс ердөө 88.000 хүүхдийг л цэцэрлэгт хамруулах хүчин чадалтай байна. Тиймдээ ч үлдсэн 30 шахам мянган хүүхэд дунджаар 250.000-500.000 төгрөгийн үнэтэй байгаа хувийн цэцэрлэгт хамрагдах эсвэл гэртээ цоожлуулахаас аргагүйд хүрээд байна.
Харин эл хүнд байдалд Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо өөрийн чадлаар тус нэмэр болохоор хүүхдүүдийг үнэ төлбөргүй хувийн цэцэрлэгт хамруулах хүсэлт гаргажээ. Хүсэлт ёсоор ЕБС-ийн багш нарын 3000 хүүхдийг 2015-2016 оны хичээлийн жилд хувийн цэцэрлэгт хамруулах сайн үйлчийн аяны санамж бичигт өнөөдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөр болон тус холбооны тэргүүн Т.Мөнх-Алдар нар гарын үсэг зурлаа.
Энэ талаар тодруулахаар БСШУЯ-ы хэвлэлийн ажилтан Ч.Лодойсамбуутай холбогдлоо.
-Багш нарын хүүхдийг үнэ төлбөргүй сургахаар боллоо. 3000 хүүхдийг суралцуулах зардлыг улс хариуцаж байгаа юу?
-Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо” ТББ санаачлан өнөөгийн нийгэмд тулгамдаад буй цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа асуудлыг шийдвэрлэхэд туслахаар сайн үйлсийн аян өрнүүлж байгаа юм. Тиймээс хувийн хэвшлийн цэцэрлэгүүд нийслэлийн ЕБС-ийн сургуульд ажиллаж буй багш нарын хүүхдүүдийг сургах зардлыг өөрсдөө гаргаж байгаа юм.
-Хувийн хэвшлийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамрагдах хүүхдүүдийг хэрхэн сонгох вэ?
-Хувийн хэвшлийн 300 гаруй цэцэрлэг уг аянд хамрагдаж буй. Аль цэцэрлэг хэдэн хүүхэд хамруулах тоогоо гаргасны дараа Боловсролын газар сургуулиудын захиргаанд аль цэцэрлэгт хэдэн хүүхэд хамруулах талаар мэдээлнэ. Уг аянд ажил хөдөлмөрөөр тэргүүлж буй залуу багш нарыг голчлон хамруулна. Харин яг ямар багш хүүхдээ үнэ төлбөргүй сургахыг тухайн сургууль тодорхойлно гэсэн үг.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр санамж бичиг зурах үеэр “100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгээр тооцвол 3000 хүүхэд сургахын тулд 30 цэцэрлэг шаардлагатай. Нэг цэцэрлэг барих өртөг дунджаар нэг тэрбум төгрөг гэж тооцвол хувийн цэцэрлэгүүд маань улсдаа 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед ачааны хүндийг үүрэлцэж байгаа хувийн хэвшлийнхэндээ маш их талархаж байна. Энэ 3000 хүүхэд дотор манай ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хүүхдүүд дийлэнх хувийг эзэлнэ. Өнгөрсөн жилүүдэд боловсролын чанарын шинэчлэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл гээд багш нар маань үнэхээр завгүй, амралтгүй ажиллаж байгаа. Бусдын хүүхдийн төлөө амралтгүй зүтгэж байгаа багш нарт маань ийм боломж нээгдэж байгаад үнэхээр баяртай байна” гэв.