Оюутан залуусын боловсролыг дэмжиж, Монгол Тува улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор Тувагийн их, дээд сургуульд монгол оюутнуудын тэтгэлгээр суралцуулах болжээ. Өнөөдөр Монголын Тува Оюутан, Залуучуудын “Улуг-Одаг” холбоо, Монголын Залуучуудын холбооны удирдлагууд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын их, дээд сургуулиудад оюутнуудыг тэтгэлгээр суралцуулах болон хоёр орны бизнес эрхлэгч залуусын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг ёсоор залуус Тувагийн их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж болох аж. Мөн энэ үеэр залуучуудын манлайллыг хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг цаашид зохион байгуулах талаар зөвлөлдлөө.