Өнөө жил ган гачиг тохиож, бид нийт ургацынхаа 46.3 хувийг алдах нь нэгэнт тодорхой болсон. Үлдсэн үр тариагаа үлдэгдэл, хорогдолгүй хураахын тулд техникийн хүч нэн хэрэгтэй болсон энэ цагт Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан 51 комбайн оруулж ирснийгээ тариалан эрхлэгчдэдээ бага хүүтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр олгож эхэллээ. Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын гэрээний хүрээнд бага оврын 8400 трактор, 253 хадуур, тармуур, анжис урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад худалдаж байгаа. Одоогоор 5000 гаруй тракторыг тариаланчид нэг бүрийг нь таван сая төгрөгөөр худалдан аваад байгаа гэнэ. Тэгвэл үүний хоёрдугаар ээлжийн ажил болох 175 морины хүчин чадалтай, Хятадын “Фотон ловол” компанийн “GN60” фермийн дээрх 51 техникийг тариаланчид хоёр хувийн хүүтэй, таван жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр худалдан авахаар болоод байна. Ингэхдээ тэд зээлээ бэлэн мөнгөөр төлөхгүй, оронд нь буудайгаа зах зээлийн ханшаар тооцон тушаах аж.
Нэг бүр нь 62.000 ам.долларын үнэ бүхий комбайны түлхүүрийг Төв аймгийн “Дөлгөөн Батхаан” болон Сэлэнгэ аймгийн “Мангир трейд” кампанийн захирлуудад ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд өчигдөр хүлээлгэж өгөв. Тариаланчдад олгож буй дээрх комбайнуудад үйлдвэрийнхэн нэг жилийн баталгаа өгч байна. Энэ хугацаанд эвдэрвэл засвар үйлчилгээг нь “Монтрак” ХХК хариуцаж хийхийг ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хэлээд “Таван метр өргөн, гурван тонны хутгууртай энэхүү комбайнуудыг ургац хураахаас өмнө тариаланчдадаа нийлүүлэхээр зорьж байна” гэж ярьсан юм.