Германы Хил хязгааргүй шүдний эмч нарын нийгэмлэг нь хөгжил буурай орны хөдөөд явуулын болон суурин эмнэлэг байгуулан, тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Манай улсад тэд 2007 оноос үйл ажиллагаа явуулан, одоогоор 15 аймагт суурин 14, шүдний иж бүрэн явуулын 28 эмнэлэг байгуулаад байгаа аж. Тухайлбал, Төв аймагт л гэхэд 2007-2013 онд 5500 орчим хүнд нүүр, амны нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үнэгүй үзүүлсэн байна. Тэгвэл Германы нарийн мэргэжлийн 32 эмчийн бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 7-23-нд Төв аймгийн 15 сумын 6041 хүнд шүд авах, пломбо тавих, чулуу түүх зэрэг амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үнэгүй үзүүлснээ өчигдөр олон нийтэд мэдээлэв. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 35-40 хувь нь 0-15 насныхан бол 18-20 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байжээ.
Мөн тэд Зуунмод, Батсүмбэр, Эрдэнэсант суманд европ стандартад нийцсэн шүдний иж бүрэн кабинет байгуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт рентген аппарат, шүдний 20 ор хандивласан байна. 2008 оныг бодвол шүд цоорох өвчний үзүүлэлт улсын хэмжээнд өдгөө 7-9.8 хувиар буурч, эрүүл шүдтэй хүүхдийн тоо 0.5 хувиар, амны хөндийн өвчний эрүүл мэнд 5.5-7.2 хувиар тус тус өссөн аж.