Японы Засгийн газраас ирэх 2016 онд Монгол, АНЭУ, Йорданд цэргийн атташе томилон ажиллуулах болсноо зарлалаа.
Зүүн Ази, Ойрхи Дорнодод болж буй үйл явдлын мэдээлэл цуглуулах, анализ дүгнэлт хийх шаардлага нэмэгдсэн тул ийнхүү шинэ томилгоо хийж буй юм байна. Монгол дахь Японы ЭСЯ-нд цэргийн атташе байхгүй, Бээжин дэх ЭСЯ-ны гурван атташегийн нэг нь Монголыг хариуцан ажилладаг байжээ.
Гэвч манай улсыг ОХУ, Хятадтай хил залгаа, Хойд Солонгостой дипломат харилцаатай зэрэг мэдээлэл авахад чухал орон гэж тооцон шинэ атташе ажиллуулахаар болсон байна.
Монгол дахь цэргийн атташе Хятадын байдал, Украины асуудлаас болж, олон улсын шүүмжлэлд өртөөд буй Оросын цэргийн хөдөлгөөн, Хойд Солонгост хулгайлагдсан иргэд, цөмийн зэвсгийн талаар мэдээлэл цуглуулахад чухал үүрэгтэй гэж үзэж байгаа гэнэ.
Харин АНЭУ, Йордан дахь атташе нар “Исламын улс” алан хядагч бүлэглэлийн талаар мэдээлэл авах юм. Энэ жил хоёр япон хүн тэдний гарт амиа алдахад Засгийн газраас мэдээлэл дутмаг байснаас аврах ажиллагаа явуулж чадаагүй билээ. Япон улс дэлхийн 40 оронд 59 цэргийн атташетэй гэнэ.
М.СУГАР-ЭРДЭНЭ