Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Харамсалтай нь есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэггүй, айлын хаяа бараадсан хүүхэд олон байх нь. “Сургууль нураасай”.
Уг нь энэ үгийг сургуулиас залхсан хүүхдүүд хэлдэг байв. Тэгвэл өдгөө сургуулиа санасан сурагчдын хэлэх үг болчихлоо. Учир нь ингэж байж л буурин дээр нь шинэ сургууль босно. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэж хэд хэдэн сургууль, цэцэрлэгийг буулган, шинээр барих болсон юм.
Сүхбаатар дүүргийн III, XI сургууль, Баянгол дүүрэг дэх 38, 73 дугаар сургууль, 47, 57 дугаар цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргээс 26 дугаар цэцэрлэг, Баянзүрхээс 10, 146 дугаар цэцэрлэг, 14 дүгээр сургууль, Хан-Уулаас 32 дугаар сургууль үүнд багтаж байгаа юм.
Заримынх нь үйл ажиллагааг зогсоогоод 2-3 жил болсон хэрнээ өдий хүртэл барих нь байтугай буулгаа ч үгүй. Тиймээс л хичээлийн жил эхлэхэд хаана очиж сурч, хүмүүжих нь тодорхойгүй хүүхэд цөөнгүй байна.
“Улс, нийслэлийн төсвөөр буулган, барьж буй сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулж байна. Концессын гэрээгээр барих газруудын тухайд өдгөө гэрээ байгуулах шатанд байгаа. Ирэх онд багтаан бүгдийг нь ашиглалтад оруулна” гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Нураах гэж буй сургууль, цэцэрлэгт сурч, хүмүүждэг байсан хүүхдүүд энэ жил хаачихыг холбогдох газруудаас нь тодрууллаа. Барьж амжаагүй цэцэрлэг, сургуулийнхан өнгөрсөн жил хичээллэж байсан “айл”-даа буцан очиж, тэд нар нь ачааллаар “баян” байх сурагтай.
СУРГУУЛЬ
3
Энэ сургуулийн барилгыг актлаад гурван жил болсон. Өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс суурин дээр нь шинэ барилга эхлүүлснээ ирэх сард ашиглалтад оруулах болжээ. Гэхдээ есдүгээр сарын 1-нээс өмнө нээж амжихгүй, 7-нд сурагчдаа хүлээн авах аж.
“Дөрвөн өдрийн хичээлийг I улирлын амралтаар нөхөхөөр нийслэлийн Боловсролын газартай гэрээ байгуулсан” гэж тус сургуулийн захирал В.Хоролгарав мэдээлсэн юм. Шинэ байр нь 960 хүүхдийн багтаамжтай бол сурагчдын тоо 1500 орчим.
Хоёр ээлжээр хичээллэхэд сургуулийн багтаамж хангалттай гэнэ. 6.7 тэрбум төгрөгийн өртөгтэй уг сургуулийг гэрээ ёсоор 2016 онд барьж дуусгаад хүлээлгэн өгөх ёстой ч хугацаанаас нь өмнө нээх боломж бүрдсэн байна.
11
Эднийхийг нураачихсан. Шинэ барилгын ажил өдгөө 60 гаруй хувьтай яваа юм байна. Ирэх арваннэгдүгээр сард, сурагчид амрах үеэр дуусгаж, ашиглалтад оруулах болов уу гэж найдаж байгаагаа сургуулийнхан хэлсэн.
Сурагчид нь өнгөрсөн онд хичээллэж байсан 31 дүгээр сургууль дээрээ энэ хичээлийн жилийг угтаж, арваннэгдүгээр сар хүртэл тэндээ байх нь. 320 хүүхдийн багтаамжтай шинэ байрны төсөвт өртөг 3.4 тэрбум төгрөг аж.
Тус сургууль 600 орчим хүүхэдтэй юм байна. Хуучин барилгыг актлаад хоёр жил гаруй болж байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сард барилгын ажлыг эхэлжээ. Гэрээ ёсоор ирэх аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ёстой гэнэ.
14
“Улсын концессын төслийн жагсаалтад уг сургуулийг багтаасан. Одоогоор шинэ барилга барих сураг алга” гэж нийгмийн ажилтан Г.Манд хэллээ. Тиймээс сурагчид нь өнгөрсөн жил дөрвөн сургууль дамжин хичээллэж байснаа давтах шаардлагатай болсон гэнэ.
I-III анги сургуулийнхаа Б байранд, IV-V анги бол “Шавь” цогцолборт, VI-IX ангийнхан 92 дугаар сургуульд, X-XII ангийнхан 44 дүгээр сургуульд, VII ангийн зарим бүлэг 53 дугаар сургуульд хичээллэх юм байна. Уг нь өнгөрсөн жил тус сургууль 2500 гаруй хүүхэдтэй байсан. Энэ жил хэд болох нь тодорхойгүй гэнэ.
32
Акталсан сургуульд багтаж буй 32-ыг өдий хүртэл буулгаагүй. Улсын концессын төслийн жагсаалтад багтаасан, хэрхэх нь тодорхойгүй сургуулийн нэг нь энэ юм. Тиймээс өнгөрсөн жилийн адил хүүхдүүд нь өөр сургуульд хичээллэхээс өөр аргагүй болжээ.
Дунд, ахлах анги нь өмнөх жилийнх шигээ 15 дугаар сургууль дээр хичээллэнэ. Харин бага ангиуд нь сургуулийнхаа Б байранд энэ намрыг өнгөрөөх юм байна.
Хан-Уул дүүргийн XV хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байгаа бөгөөд ашиглалтад оронгуут нь тус сургуулийн бага ангийнхныг хичээллүүлнэ гэж дүүргийн Боловсролын хэлтсээс мэдээллээ. Цогцолборыг ирэх арваннэгдүгээр сарын 20-ны үед ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм байна.
38
Шийдлээ хүлээж буй бас нэг сургууль нь 38. Шинээр барих нь битгий хэл хуучнаа ч буулгаагүй тус сургуулийнхан өнгөрсөн жил гурван сургууль дамжин хичээллэж байв. Тэгвэл энэ жил хоёр сургууль дамжих болжээ. I-V анги нь “Эрдмийн ундраа” цогцолборын 78 дугаар сургууль, VI-XII анги нь 22 дугаар сургуульд очих аж.
Өнгөрсөн хичээлийн жилд найман бүлгийн сурагчид 47 дугаар сургууль руу зүглэдэг байж л дээ. 47 дугаар сургуулийнхан өөрсдөө гурван ээлжээр хичээллэж, ачааллаа дийлэхгүй болсон учраас 78 дугаар сургууль руу “зөөх” болсон гэнэ.
38 дугаар сургуулийг актлаад хоёр жил өнгөрсөн, тэд өөр сургууль руу нүүгээд жил болж байгаа гэнэ. “Байргүй байлаа гээд сургалт муудчихсангүй, маш сайн байгаа. Гэхдээ эцэг, эхчүүд дургүйцэхээс эхлээд цөөнгүй бэрхшээл бий.
Уг нь манайх Монголд ганцхан байдаг герман хэлний сургууль шүү дээ. Манай сургуулийг төгссөн хүүхдүүд Европын, тэр дундаа Германы их, дээд сургуульд шууд элсэх эрхтэй. Энэ жил гэхэд л хоёр охин Германд сурах болсон” гэж сургуулийн захирал Ч.Отгондаваа хэлсэн юм.
Тус сургууль өнгөрсөн хавар 1230 сурагчтай байсан, намар шилжилт хөдөлгөөн нэлээд болдог учраас энэ жил хэдэн хүүхэд сурахыг одоогоор тогтоогоогүй гэнэ.
73
Улсын концессын төслийн жагсаалтад орсон бас нэг сургууль нь энэ. 2012 онд акталсан тус сургуулийг бас л нураагаагүй байна. Сургуулийн захирал Ч.Чанцалаас энэ хичээлийн жилд хаачихыг нь тодруулахад “Одоогоор тодорхойгүй.
Өнгөрсөн жилийнх шигээ 20, 51 дүгээр сургууль, Төмөр замын хүүхдийн секторын харьяа дотуур байранд хичээллэх болов уу” гэж хэлсэн юм. Тус сургууль 750 гаруй хүүхэдтэй гэнэ.
ЦЭЦЭРЛЭГ
Чингэлтэй
Тус дүүргийн V цэцэрлэгийг шинэчилж, энэ оны хоёрдугаар сард ашиглалтад оруулан, зургаан бүлэгтэй байсныг 10 болгож өргөтгөсөн юм. Ингэснээр 300 хүүхдийн багтаамжтай болжээ.
Тэгвэл энэ удаа 18 дугаар цэцэрлэгийг улсын концессын төслийн жагсаалтад оруулж, шинэчлэхээр болсон юм. Одоогоор ажил эхлээгүй, гэрээний шатанд байгаа гэнэ. IV хороонд байрладаг уг цэцэрлэгт ойролцоох есөн байрных нь иргэд хүүхдээ хүмүүжүүлэх ёстой.
Тэдэнд тус хороонд байрладаг бусад цэцэрлэгт хүүхдээ хүмүүжүүлэхийг санал болгож буйг дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн хэллээ.
Хан-Уул
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийг буулгаж, шинээр барьж байгаа. Төсөвт өртөг нь 1.6 тэрбум төгрөг юм байна. Барилгын явц 60 хувьтай гэнэ.
Гэрээ ёсоор ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах ч түүнээс сар гаруйн өмнө дуусгах боломжтой гэж дүүргийн Боловсролын хэлтсээс мэдээллээ.
Уг нь өнгөрсөн хавар тус цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийг 41, 46 дугаар цэцэрлэгт оруулна гэж төлөвлөсөн. Гэвч дээрх хоёр цэцэрлэгийнхэн одоо ачааллаа дийлэхгүй тул өөр тойргийн хүүхэд авахгүй гэжээ.
Тиймээс дүүргийнхэн аав ээжүүдэд “Юутай ч арваннэгдүгээр сар хүртэл тэвчиж байгаач ээ” гэж хэлчихээд байгаа гэнэ. Шинэ цэцэрлэг нь найман бүлэг, 200 хүүхдийн багтаамжтай байх аж. Өмнөх нь дөрвөн бүлэг, 100 хүүхдийн багтаамжтай байсан юм байна.
Баянгол
Шинэчлэн барих шаардлагатай 11, 47, 57 гэсэн гурван цэцэрлэг Баянгол дүүрэгт байрладаг. 57 дугаар цэцэрлэг 150 хүүхдийн ортой байсан бол энэ удаа хүчин чадлыг нь нэмж 240 болгох юм байна. Ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, өдгөө дотор, гадна заслаа хийж байгаа гэнэ.
Төсөвт өртөг нь 1.5 тэрбум төгрөг. 47 дугаар цэцэрлэгийн тухайд 100 хүүхдийн багтаамжтай байсныг 120 болгон өргөтгөж байна. Хөрөнгө төсөв багатай гэсэн шалтгаанаар барилгын ажил одоохондоо зогсчихоод байгаа гэнэ.
Нийт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон уг цэцэрлэгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм. 47, 57 дугаар цэцэрлэгийг хоёуланг нь улсын төсвийн хөрөнгөөр барьж буй. Мөн нийслэлийн төсвөөр энэ жил тус дүүргийн XI цэцэрлэгийг буулгаж шинээр барих болсон.
Хуучныг нь буулгачихсан, шинэ барилгын суурийг цутгаж байгаа гэнэ. 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй уг цэцэрлэгийг энэ жилдээ барьж дуусган, ирэх жилээс ашиглалтад оруулах гэнэ.
57 дугаар цэцэрлэгийнхэн хүүхдүүдээ бүртгэж байгаа бол 47-гийн хүүхдүүдийг 34 дүгээр цэцэрлэгт, XI цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийг дүүргийн XVI, XVII, XVIII хорооны цэцэрлэгүүдэд “тарааж” буй аж.
Баянзүрх
Тус дүүргийн хоёр цэцэрлэгийг буулгаж, концессын гэрээгээр барих болсон. Тэр нь 21, 146. Хоёулаа гэрээ байгуулах, зураг төсөл боловсруулах шатанд байгаа гэдэг ч хэдийд эхлүүлж, дуусгах нь тодорхойгүй.
146 дугаар цэцэрлэгийн байрыг өнгөрсөн жил буулгачихсан ч өдий хүртэл шинэ барилга эхлээгүй юм байна. Тойргийнх нь хүүхдүүдийг ойролцоох гурван цэцэрлэгт оруулах гэнэ. Нийслэлийн концессын төслийн жагсаалтад багтсан 21 дүгээр цэцэрлэгийн хувьд өдгөө бас л гэрээ хийх шатанд байгаа гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн.
Уг цэцэрлэгийнхэн үндсэн байрандаа үйл ажиллагаа явуулахгүй ч өргөтгөлдөө ажиллахаар хүүхдүүдийг бүртгэж байгаа гэнэ. Сонгинохайрхан Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байгаа.
Ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 100 хүүхдийн багтаамжтай байсныг нь 120 болгон шинэчилж эхэлсэн аж.
Ч.МӨНХЗУЛ