Сургууль төгсөгчдийн ойн уулзалт цэнгээн, анги даасан багш эсвэл сургуульдаа бэлэг дурсгалын зүйл өгөхөөс хэтэрдэггүй. Зугаацах нэг шалтаг болсон төгсөгчдийн ойн эл уламжлалыг МУБИС-ийг 2000 онд төгссөн залуус өөрчилжээ.
М.Саруул-Эрдэнэ багштай Монгол англи хэлний ангийн анхны төгсөгчид сургууль төгссөний 15 жилийн ойгоо тохиолдуулан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын дунд сургуульд Англи хэлний иж бүрэн кабинет тохижуулснаа өнгөрөгч долоо хоногт сургуулийн удирдлагад хүлээлгэн өгчээ.
Англи хэлний сурах бичиг, англи хэлээр хэвлэсэн ном зохиол бүхий номын сан, дүрмийн самбар тавьж тохижуулсан кабинет номын дэлгүүргүй орон нутагт томоохон хөрөнгө оруулалт болжээ.