125 ортой Хүүхдийн IV клиник сувилал байгуулагдаад 50 гаруй жил болж буй ч энэ хугацаанд багачуудын унтаж амрах орыг нэг ч удаа сольж байгаагүй тул нярайн жижиг оронд бага насны хүүхдүүд хөлөө нугалж, орны хашлага завсраар хөлөө унжуулж тав тух муутай амардаг.
Хүүхдүүдийг 24 цагаар асарч, хүмүүжүүлдэг тус сувиллын орыг солих сайн дурын ажлыг “Вагнер ази” ХХК зохион байгуулж байна. Энэ талаар тодруулахаар тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Удаанжаргалтай холбогдлоо.
-Танай компани Хүүхдийн IV клиник сувиллын орыг шинэчилж байгаа гэсэн. Хэчнээн төгрөгийн зардлаар хэдэн ор шинэчлэх гэж байна вэ?
-Бид компанийнхаа фэйсбүүк хуудсаар дамжуулан лайк цуглуулах ажил зохион байгуулж буй. Хэрэглэгчдийн дарсан нэг лайк тутам 100 төгрөг гаргаж, нийт мөнгийг сувиллын ор шинэчлэхэд зориулна. Нэг орыг зөөлөвч гудсын хамт шинэчлэхэд 180.000 төгрөг болж байгаа. Тус клиник сувилалд 150 хүүхэд хүмүүжиж байгаа учир 27 сая төгрөг шаардлагатай гэсэн үг.
-Хуудасных нь постод лайк дарахад фэйсбүүкээс ямар нэг төлбөр өгдөггүй гэсэн. Иргэдийн дарсан нэг лайк тутамд олгох 100 төгрөгийг хаанаас гаргаж байгаа вэ?
-Манай компани гаргаж байгаа. Лайк тутам 100 төгрөг гэхээр 270.000 лайк цуглавал сувиллын орыг бүхэлд нь солих боломжтой болно гэсэн үг.
-Мөн танай байгууллага IV клиник сувилалд засвар хийж байгаа гэсэн. Энэ нь урсгал засвар уу?
-Хүүхдийн IV клиник сувиллын барилга ашиглалтад ороод 50 гаруй жил болж байгаа ч энэ хугацаанд хана будах төдий урсгал засвараас өөрөөр гар хүрч байгаагүй юм билээ. Тиймээс бид энэ удаад нэг ангийг сонгож бүтэн супер засвар хийж байгаа. Хана, таазыг шинэчилж орчин үеийн хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцсэн өнгө будаг, зурагтай болгон тохижуулж байгаа.
-Засварын ажил хэзээ дуусах вэ?
-Наймдугаар сарын 30-нд засвараа бүрэн дуусгаж, хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.