Нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлттэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл хийлээ. Түүнд дурдсанаар нийтийн тээврийг орлогын хойноос хөөцөлдөх бус нарийн цагийн хуваарийн дагуу соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлэх ажлын эхлэл нь энэхүү шинэ төлөвлөлт гэдгийг онцлоод нийслэлийн иргэдийн дийлэнхи нь цахим картаа авч нийтийн тээврээр үйлчлүүлж эхэлбэл дараагийн автобусанд дамжин суухдаа төлбөр төлөхгүй байхаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Гэтэл өнөөдрийн байдлаар 250 мянга орчим иргэд картаар үйлчлүүлж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 750 мянган иргэнд цахим карт борлуулахаар тооцоод байгаа юм байна. Тиймээс цахим карт худалдаж авч амжаагүй иргэдийг ирэх сарын 1-нээс өмнө картаа авахыг уриаллаа. Хэрэв ирэх сарын нэгнээс хойш бэлэн мөнгөөр зорчих бол 1000 төгрөг төлнө гэдгийг албаныхан сануууллаа.
Дашрамд сануулахад, шинэчилсэн төлөвлөлтөөр өдөр бүр их багтаамжийн автобусны үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл үүнээс 20 угсраа, 45 троллейбус, 933 их багтаамжийн автобус үйлчилгээнд гарч байгаа юм байна. Нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн “COUNTY”маркийн бага багтаамжийн 21 автобусыг хот орчмын Санзай, Найрамдал зуслан, Био комбинат-Сонсголон, Эмээлт, Баруунтүрүүн болон Хужирбулангийн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргажээ.