ОХУ-ын Екатеринбург хотын Кольцово олон улсын нисэх буудалд энэ сарын 26-нд тус хотын “Аэропорты Регионов холдинг”, Монголын МИАТ компанийн төлөөлөгчид уулзав.
Талууд Улаанбаатар-Екатеринбургийн хооронд шууд нислэг үйлдэх боломжийн талаар ярилцжээ. ЗХУ-ын үед хоёр хотын хооронд шууд нислэг хийдэг, эдийн засгийн хувьд ямар ч алдагдалгүй байсан гэнэ.
Уулзалтад оролцогчид хэрэв жуулчны компаниудтай хамтран ажиллавал ашигтай чиглэл гэдэгт санал нэгдэж, тус хотын иргэдэд Монголд аялах боломж гарч ирж байгааг ч онцлон тэмдэглэжээ.
ИНЕГ-ын нисэх буудлуудын үйл ажиллагаа эрхэлсэн газрын захирал Л.Бямбасүрэн “Кольцово” нисэх буудлын туршлагыг Хөшөөтөд барих шинэ буудалд ашиглах болно гэдгээ дурдаад “Улаанбаатар-Екатеринбургийн шууд нислэг сонирхол татсан төсөл, хэрэгжүүлэхийг хичээх болно” гэж ярьсан байна.
М.СУГАРАА