Эх орноосоо урвасан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 79.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хоёр хэргийг уржигдар, өчигдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч нар хянан хэлэлцлээ.
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс иргэн З.Пагамжав гэх эмэгтэйг дээрх зүйл ангид зааснаар сэжигтэн, яллагдагчаар татан шалгаад шүүхэд шилжүүлсэн аж.
Уржигдар дээрх шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар даргалан, шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ, улсын яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал, шүүгдэгч З.Пагамжав, өмгөөлөгч С.Өлзийхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр уг хэргийг хаалттай хэлэлцсэн юм.
Шүүх бүрэлдэхүүн З.Пагамжавыг эх орноосоо урвасан гэм буруутайд тооцож, эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 16 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ.
Эх орноосоо урвасан хэрэгт холбогдсон Д.Чинбаярт холбогдох хэргийг өчигдөр шүүгч Г.Буяннэмэх, Ч.Отгонбаяр, Б.Халиун нар улсын яллагч Б.Батжаргал, өмгөөлөгч Б.Энхдалай нарыг оролцуулан тунгаав.
Улмаар шүүгдэгч Д.Чинбаярыг Эрүүгийн хуулийн 79.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорихоор боллоо.
Эрүүгийн хуулийн 79.1 зүйлд “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан юм.
Г.РАВЖАА