Хамгийн аймшигтай хүн гэж хэнийг хэлэх вэ. Юунаас ч айдаггүй хүн маш аймшигтай. Өнөөгийн АН яахаас ч сийхгүй, юунаас ч айдаггүй хүмүүсийн гарт оржээ. Энэ бол үнэхээр аймшиг. Ард түмнийг хуурахаас, төрийн ажлыг гацаахаас, олны итгэлийг алдахаас огт зүрхшээхгүй байгаа нь гайхалтай.
АН яг л ширэн нүүртэй, төмөр зүрхтэй юм шиг болчихож. Бүхэл бүтэн улс орны хөгжил дэвшлийг, олон түмний ажил амьдралыг нуруундаа үүрсэн намыг ийм болгож байгаа хүмүүсийн аймшиггүй чин зоригийг юутай ч зүйрлэшгүй.
АН-ын дарга нар “лааз өшиглөж” явахдаа хамгийн ардчилсан, нигүүлсэнгүй, үргэлж эгэл түмний талд зогсдог “ардын баатар” шахуу хүмүүс байв. Тэд маш мэдрэмжтэй, бүр тэс өөр намын удирдлагад суугаа өөдгүй хүмүүсийн өмнөөс хүртэл ичээд үхэх шахдаг “халууны шилнүүд” байж билээ.
МАН, МАХН-ынхан нь ч АН-ын элэглэл, шүүмжлэлээс эвгүйцээд сүйд болдог байсан цаг саяхных. АН-ыг сөрөг хүчин байхад нийгмийн олон салбар ядаж л эрүүлжихийг хүсдэг байлаа. Улстөрчид сонгогчдоос ичихдээ худлаа ч гэсэн жүжиглэдэг, эсгэсэн дүрдээ итгэн зөв явах гэж яддаг байвал догь л юм билээ.
Үүний тулд АН олон нийтийн санаа бодлыг удирдан чиглүүлэх, ухааруулан сэнхрүүлэхэд чиглэсэн үйлсэд цаг, хүчээ харамгүй зориулсан гавьяатай. Нэртэй нийтлэлчдийн клуб АН-ын зүтгэлтнүүдийн үзэл санаагаар амьсгалж, улс төрийн элдэв явдал хийгээд алдаа дутагдал гаргасан албан тушаалтнуудыг хөөрхөн дамшиглачихдаг л байсан.
Маргааш нар мандахгүй, улс төр байхгүй болчих юм шиг улайм цайм тэнэглэж байх зуур эх оронд юу болж байна вэ. Хамгийн ойрхон байгаа том бэрхшээл нь өвөл айсуй. Төсвийг бүрдүүлэгч нүүрс, алт, зэсийн орлого сох тасрах төлөв хэдийнэ бодитой боллоо.
Улстөрчдийн ид бодож байх зүйл нь энэ өвлийг хэрхэн давах төлөвлөгөө байтал харамсалтай нь АН-ын дарга нар арай өөр зүйлд шаналж яваа. АН-д одоо хоёр шунал буцалж байна. Эхний хэсэг буюу АН-ын дарга З.Энхболд, МоАХ фракцын тэргүүн Х.Баттулга хоёрын бараа бологсод Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг өглөөд нарнаас, үдэш сарнаас гуйх нь халаг шившиж буй.
Харин мань Ч.Сайханбилэг тэргүүтэн З.Энхболд даргатай УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараачих санаагаар бугшицгаана. Аль нь ч бидний гарц биш. Ард түмэнд улс төрийн тогтворгүй байдал, хийрхэл бус, төрийн ухаалаг шийдэл, найдвартай ажиллагаатай Засгийн газар л өмөг түшиг болно.
Одоогийн АН-ын удирдлага сонгогчдын итгэл найдварыг уландаа гишгэж, намынхаа нэр хүндийг алдаж байгаадаа огт санаа зовохгүй, айж ичихийн зовлонгүй амарлингуй авирлаж байгаагаас нь харахад тэд ирэх сонгуульд оролцохгүй юм биш биз гэсэн гайхашрал өөрийн эрхгүй төрж байна.
Сонгуулийн өмнөх жил үе үеийн эрх баригчид АН-ын дарга нараас арай л эелдэг, зөөлөн чихтэй, ажил хэрэгч гэж жигтэйхэн, цахилгаанд цохиулсан мэт хурдтай болдогсон. Хөмсөг зангидаж, шазуур зуусан АН-ын дарга нарын аймшиггүй чин зоригийг “магтан дуулах” үг ч үл олдмой.
Тэд бүтэлгүй, хөшүүн хойрго янзаараа сонгуультай золгох эр зориг гаргасан анхны улстөрчид болж түүхэнд тэмдэглэгдэх биз ээ. Арван сарын дараа Монголыг аль нам удирдах бол. Аль эсвэл яг өнөөдрийнх шиг энэ чигээрээ, засаглалын хямрал үргэлжилсээр байж ч мэднэ. Сонгуулийн дүнг машин л мэдэх хойно.
Б.ЭНХЦЭЦЭГ