Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэн “Удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш сар орчмын хугацаа өнгөрч байна. Нийтийн тээвэрт шинэчлэл хийх хэрэгтэйг энэ салбарынхан ч, хотын удирдлага ч нэг хэсэг ярьсан нь өдгөө биелэлээ олж байгаа гэхэд хилсдэхгүй.
Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлт нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг үгүй болгох давуу талтай ч төсөл хэрэгжүүлэгчид судалгаа, эрсдэлээ тооцолгүй хийснээс нийтийн тээврийн компаниудад хүндрэл учруулж эхэлсэн юм.
Түүний илрэл нь өчигдөр үйлчилгээнд гаралгүй, үйл ажиллагаагаа түр зогсоох талаар хотын удирдлагад хүргүүлсэн мэдэгдэл байлаа. Хэвлэлээр үүнийг автобусны компаниуд ажил хаяна хэмээн бичиж байв. Харин Том оврын автобусны холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн “Бид ажил хаяж байгаа юм биш. Аргагүй байдалд ороод түлш шатахууны мөнгөгүй, ажилчдынхаа цалинг тавьж чадахаа болиод үйл ажиллагаагаа түр зогсоохоор болж байсан юм.
Харин өчигдөр (уржигдар) орой бидэнд бага хэмжээний мөнгө өглөө. Энэ нь цаг хугацаа аргацаасан л юм даа. “Улаанбаатар смарт карт” компани сүүлийн 13 хоногийн мөнгө олгосонгүй. Хамаг мөнгийг нь тус компани хураагаад авчихдаг, тоолж байна гээд найм, ес хонодог. Ийм л асуудал үүсээд байна.
Энэ асуудлыг л түргэн шийдээч хэмээн бид нийслэлийн удирдлагад хандаад байна. Гэвч хотын дарга байхгүй, наана нь байгаа дарга нар асуудлаа шийдэж чадахгүй байна. Бид нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг дэмжиж байгаа. Гэтэл бэлтгэлээ гүйцэд хангалгүйгээр төсөл хэрэгжүүлж эхэлснээр бүтэн сарын дараа ийм эрсдэлд хүрээд байна.
Манайх үүнийг хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг. Гэтэл тэр олон хүний ажлын байрыг яаж өөрчилж, тэднийг яаж ажилтай байлгах вэ гэдгийг шийдээгүй байна. Зөвхөн “Зорчигч тээврийн үйлчилгээний нэгтгэл” ТӨХК гэхэд кондуктороор ажиллаж байсан 600 гаруй хүнээ энэ сарын 29-нөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгчихөөд байгаа.
Цаашид жолооч, мөнгө хураагчдын цалинг тогтоож өгөхгүй бол тэд ажил хаяж магадгүй. Тэр тохиолдолд бид ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Мөн энэ төсөл дээр нэг алдаатай зүйл гарсан нь дамжин суулт, сэлгэлт байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн дамжин суух зардлыг нэмэхгүй байх ёстой. Харамсалтай нь мөнгөө нэг Солонгос компанид бариулчихсан, тэр нь орлогоо хөөгөөд, дамжин сууж байгаа зардлыг хөнгөлж өгөхгүй юм.
Үүнээс болоод иргэд маш их бухимдаж байна. Тиймээс бид энэ асуудлыг богино хугацаанд яаралтай шийдэж өгөхийг нийслэлийн удирдлагуудаас шаардаж байгаа” гэж ярилаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд “Удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх” төсөл гээд нэрнээс нь харахад л удирдаж, мэдээлэх учиртай баймаар.
Гэтэл хуучин хэрэглэж байсан “МТ-100” гэх хэл ам дагуулж, мөнгө завших хэрэгсэл болсон GPS төхөөрөмжийг ашиглахаа больж, оронд нь шинэ төхөөрөмж ашиглахаар дээрх төслийн хүрээнд шийдэж суурилуулсан. Гэтэл GPS нь одоо болтол ажиллахгүй, автобусны явсан цагийг бүртгэдэг систем нь үгүй болжээ.
Үүнээс үүдэн компаниудад автобус үйлчилгээнд явуулсны төлбөрт хэчнээн төгрөг олгох нь ч тодорхойгүй болсон байгаа юм. Энэ мэт тооцоо судалгаагүй үйл ажиллагаанаас гадна хууль хяналтын байгууллагынхан хянаж шалгаж, тогтооход буруудахгүй зүйлүүд ч бий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Тухайлбал, чадал бүхий үндэсний компаниуд байхад яагаад тендерт БНСУ-ын компанийг шалгаруулсан, автобуснуудад суурилуулсан карт уншигч төхөөрөмжийн зах зээлийн үнэ 1400 орчим ам.долларын үнэтэй байхад 4400 ам.доллараар, зорчигчдын бэлэн мөнгө хийдэг төмөр хайрцгийг 700 ам.доллараар тооцон аж ахуйн нэгжүүдэд өгчээ.
Ингэхдээ жил бүр орлогоос нь суутган, мөнгийг нь авахаар болсон аж. Тэгсэн атлаа гэрээ байгуулаагүй, хэзээ яаж ямар хуваариар мөнгийг нь суутгахаа баталгаажуулаагүй нь хууль хяналтын байгууллагынхны анхаарч судлах асуудлын нэг болжээ.
Г.ЦОЛМОН