Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд ахмад дайчдаа алдаршуулах, хойч үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор Батлан хамгаалах яамнаас олон арга хэмжээ зохион байгуулж байна.
1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг оролцжээ. Өдгөө Дэлхийн II дайнд оролцсон 15, Чөлөөлөх дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн байна. Тэдний нэг болох Ундрахын Доржпалам гуайн гэрт өчигдөр салбарын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын удирдлагууд очиж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр У.Доржпалам гуай дайны үеийн хүнд бэрх цаг хугацаа, тэр үеийн аж амьдрал болон одоогийн эрх чөлөө, газар шороо ямар их үнээр олдсон гэдгийг нүдэндээ нулимастай ярьж байв. Тэрбээр гурван сарын дараа 95 нас зооглох гэж байгаа аж.

Ухаан санаа саруул, үг хэл нь цэгцтэй, нуруу нь тэнэгэр энэ буурай Чөлөөлөх дайнд Хил хамгаалах албаны офицер байхдаа оролцсон гэнэ. Тэрбээр “Хүний хамгийн эрхэм чанар бол эх оронч байх юм. Тэртээх 1945 онд өвөг дээдэс чинь эх орныхоо сөөм газар, ширхэг чулууны төлөө халуун амиа хайрлахгүй тэмцэж явсныг мартах учиргүй.
Тиймээс энэ баатарлаг хүмүүсийн үр хойч болсон залуус тэдний эх орноо гэсэн халуун сэтгэлийг үеэс үед өвлүүлэх үүрэгтэй. Үүнд төр засаг ч мөн анхаарах ёстой. Эх орноо гэх сэтгэл бол бүх сайн сайхны эхлэл юм шүү” хэмээн үнэтэй сургаалиа айлдсан юм.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон У.Доржпаламд ойн медаль, 500 мянган төгрөг, дурсгалын зүйл гардуулж “Залуус цэргийн алба хаах нь олон байгааг хэлмээр байна. Энэ нь манай залуусын эх оронч сэтгэлгээ нэмэгдэж байгаагийн нэг илрэл болов уу.

Чөлөөлөх дайны ялалтын ой бол бүх монголчуудын баяр. Иймээс нийт ард иргэддээ, ахмад дайчдадаа, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнд ялалтын 70 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэв. У.Доржпалам гуай одоо ч хөдөлмөрч, ажилсаг хэвээрээ аж.
Тэр тусмаа улс төр, нийгмийн ажилд маш идэвхтэй оролцдог юм байна. Гэр нь Сүхбаатар дүүргийн ЗДТГ-тай ойрхон болохоор байнга л тэндхийн дарга нартай уулзан, санаа бодлоо хэлж, зарим ажилд нь санал шүүмжлэл, сургаалиа нэмэрлэдэг аж. Дүүргийн удирдлагууд ч У.Доржпалам гуайтай ярьж зөвлөлдөх, санаа бодлыг нь сонсох дуртай гэнэ.
Тэрбээр дөрвөн охин, нэг хүүтэй бөгөөд одоо дунд охин, хүргэн хоёртойгоо амьдардаг. Түүний охин Д.Янжиндулам “Аав минь маш өөдрөг үзэлтэй хүн. Хэдий нас дээр гарч байгаа ч аливааг хийж бүтээх чин хүсэлтэй байдаг. Их залуу сэтгэлгээтэй. Хүнтэй инээж хөхрөн, ярьж хөөрөх дуртай.
Гэртээ зочин урьж авчраад хэдэн цагаар ярьж суудаг. Хүн дайлж цайлах их дуртай. Ач нар маань “Өвөөгийн утас дуугарч байна. Манайд хүмүүс ирэх нь дээ” гэж ярьдаг. Саяхан хамт дайнд оролцож явсан хүн нь Төв аймгаас манайд ирж аавтай уулзаад, хуучны дурсамж, ангийн нөхдөө ярьж нэлээн сууж байгаад явсан. Аавын минь энэ их эрч хүч, хамт олонч зан нь өндөр наслахад нь нөлөөлсөн болов уу” гэж ярив.
Х.АЗЖАРГАЛ