Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ орхин одлоо. Эргэж ирэхгүй их аянд мордсон түүнийг бөхийн мянга мянган хорхойтнууд, уул ус, эх орон нь үгүйлэн үлдлээ.
Эгэлгүй хүчит, уран мэхт тэрбээр ард олондоо “Хар аварга” хэмээн хүндлэгдэж, “Хоёр Мөнх”-ийн үеийг таслан зогсоосон хүчтэн билээ. Үндэсний бөхийн дархан аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Цэрэнтогтох 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн.
Хөдөөний хөрслөг бор хүү дунд сургуульд байхаасаа л хөнгөн атлетик, тэшүүр гээд спортын бараг бүх төрлөөр хичээллэж, адуу малтай ноцолдон, бие хаа нь тэгширч иржээ. Анх үндэсний бөхөөр сургуулийнхаа наадамд түрүүлсэн нь түүнд урам өгч, ирээдүйн их аваргын зам ийнхүү нээгдсэн түүхтэй.

Сум, аймаг, бүсийн тэмцээнүүдэд барилдан, тоосоо гөвүүлж, гөвж явсан залуу хүү 20 настайдаа цэргийн албанд татагдаж, Зүүнбаянд очлоо. Эр цэргийн албанд байхдаа тэр Улсын наадамд анх удаагаа зодоглосон юм.
Цэрэг хүү улсын аварга Ч.Бээжингээр тав давж, улсын начин гэсэн эрхэм хүндтэй цол хүртээд, нутагтаа харихад аавынх нь дээл томдож байсан гэдэг. Шинэ начин ч дотроо өөрийгөө голж, заан, арслан, аварга цолны төлөө тэмцэх зорилготой болсон нь мэдээж.
Ингээд л түүний үндэсний бөхийн дэвжээн дээр нэрээ цууриатуулж, олныг бишрүүлсэн он жилүүд эхэлсэн юм. Д.Цэрэнтогтох 1972 онд улсын начин, 1977 онд заан, 1978 онд арслан, 1979 онд онд аварга, 1980 онд даян аварга, 1981 онд дархан аварга цол хүртэж, төрийн наадамд дөрвөн удаа түрүүлэн, тав үзүүрлэж байлаа.
Үндэсний бөхийн түүхэнд түүн шиг уран хурц, угсраа мэхтэй аварга байсангүй. Эгэл даруу, хээгүй гүндүүгүй, үнэнч шударга, жинхэнэ монгол бөхийн бүхий л шинжийг хадгалсан үнэхээр “Их аварга” байсан, та. Дархан аварга маань их спортоор ч дэлхийг доргиож явсан хүн.
Чөлөөт бөхөөр 1976, 1980 оны зуны олимпийн наадамд зодоглож, 1980 онд ОХУ-ын Москва хотод болсон зуны олимпийн наадамд Ү байр эзэлж, 1974 онд Ази тивийн аварга болж байлаа.
Харин чөлөөт бөхөөр барилдаж байхдаа улсын наадмыг олон жил өнжсөн, гэмтэл бэртэл, машины осолд орсон гээд бодохоор хэрэв барилдсан бол дахиад хэдэн түрүү ч авах байсан юм билээ гэсэн харамсал төрөвч, одоо дурсаад яах ч билээ.
Ямар ч гэсэн тэрбээр тулгарсан бэрхшээл болгоныг даван туулсаар, үндэсний бөхийн дархан аварга цол хүртсэн. Барилдахаа больсноос хойш аварга Өвөрхангай аймгийнхаа бөхчүүдийн галыг ахалж, наадамд бэлтгүүлдэг болсон.
Тийм ээ, аварга аа танай гал, аймгаас улсын цол хүртэх шинж нь бүрдсэн хэдэн сайхан гал шиг залуу гараад иржээ. Нарийнтээл сумын Б.Лхагвадорж гэж 17 настай аймгийн арслан залуу байна.
Их юм дуулгана даа. Д.Цэрэнтогтох аварга, та залгамж халаагаа бэлтгэн, хийх ажлаа бүтээчихээд одов уу даа. Их аварга та тэнгэрийн орондоо сэтгэл амар, тайван нойрс доо.
М.СУГАР-ЭРДЭНЭ