Бүгд Найрамдах Судан Улсад энхийг сахиулах дараагийн ээлж үүрэг гүйцэтгэхэд бэлэн болжээ. Тус улсын Дарфур мужид НҮБ, Африкийн холбооноос хамтран явуулж буй энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн бие бүрэлдэхүүн өчигдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв.
Тэднийг дэд хурандаа Г.Тунгаамаа ахална. Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 13 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй офицер цэргийн баг захирахаар болж байгаа нь энэ юм.
Цэргийн багийн захирагч, дэд хурандаа Г.Тунгаамаад БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр төр засаг, батлан хамгаалах салбарын удирдлагаас даалгасан нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж, бие биедээ байнга анхаарал, халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэхийг хүсээд алд цэнхэр хадаг, мөнгөн аяга барилаа.
Б.БАЙГАЛ