Улсын Их Хурлаас Боловсролын тухай болон Эрүүл мэндийн тухай хуулиудад өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах иргэн, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан тогтоохоор хуульчилсан.
Үүний дагуу УИХ-ын зүгээс эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг Засгийн газрын өнгөрсөн оны 405 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баримтлан тогтоохоор ийнхүү хуульчилсан тул уг журамд нэмэлт оруулан зохицуулахаар боллоо.