Хэдхэн сарын дараа Монголд мэдрэлийн мэс заслын алба үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохионо. Гуравдугаар эмнэлгийнхэн өнгөрсөн хугацаанд тархи, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд дагнан гүйцэтгэж ирсэн. Энэхүү ойгоо угтан тус эмнэлгийн захиргаа Мэдрэлийн мэс заслын тасгаа нурууны хагалгааны иж бүрэн багаж, хэрэгслээр хангав. Эдгээр нь стандартын шаардлага хангасан, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “B Braun” компанийн тоног төхөөрөмж гэнэ. Тус эмнэлэгт хүзүү, сээр, нуруу, нугасны хагалгаа хийлгэх шаардлагатай үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул эмнэлгийнхээ мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулахаар үе шаттай олон ажил хийж буйн нэг нь энэ аж. Үүний үр дүнд Гуравдугаар эмнэлгийнхний мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж одоогийнхоос улам сайжирна гэж тэд үзэж байна.