БНСУ-ын Чунбуг их сургуулийн “Мо-Тэ-Ань” эмэгтэйчүүдийн эмнэлэг төлөөлөгчийн газраа нийслэлийн “Өргөө” амаржих газарт нээлээ. Үүний хүрээнд “Мо-Тэ-Ань” эмнэлгийнхэн манай эмч нарт эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын шинэ технологи нэвтрүүлэхээс гадна дөрвөн эмчийг Чунбуг их сургуулийн эмнэлэгт гурван сар сургаж, мэргэжлийг нь дээшлүүлэхээр болжээ.
Дашрамд өгүүлэхэд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор Монгол Улсын баг Хойд Суданыг зорьсон. Нийслэлийн “Өргөө” амаржих газраас анх удаа эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар Суданы Дархвар мужийн VII ээлжийн эмнэлгийн багт ажиллахаар уг багт багтжээ. Тодруулбал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Б.Сайнзаяа, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Х.Ариунжаргал нар оролцохоор болсон байна.