Дотоодын зах зээлд гурил, гурилан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, үнэ өсгөхгүй, хомсдол үүсгэхгүй байхаар ХХААЯ-наас “Талх чихэр” компанитай нэг жил хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
ХХААЯ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан стандартын шаардлагад нийцсэн хүнсний улаан буудайг гурилын үйлдвэрт тогтвортой нийлүүлэх, “Талх чихэр” компани “Атар” талхныхаа бөөнөөр худалдах үнийг 1100 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар санамж бичигт тусгажээ.
Мөн үйлдвэрлэгчид “Атар” талхны үйлдвэрлэлийн талаарх болон зах зээлд нийлүүлсэн талхны үнэ, хэмжээний талаарх мэдээллийг сар бүр нэгтгэн, салбарын яамандаа мэдээлж байхаар болжээ.
Санамж бичиг байгуулах үеэр “Талх чихэр” компанийн гүйцэтгэх захирал М.Базар-Ууган “Салбарын яамнаас манай гол бүтээгдэхүүн болох гурилыг тогтвортой үнээр тээрэмдэж өгдөг үйлдвэрүүдэд чанартай буудай нийлүүлэхээр тохиролцсоны үндсэн дээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Талх үйлдвэрлэхэд гурилын чанар, цавуулаг маш чухал, 28 хувиас дээш байх шаардлагатай” гэлээ.
Ч.ЗУЛ