Монгол Улс нэг сайн чадуулчихлаа. Уул уурхайн үйлдвэрлэлээр амьдарч байгаа бид сүүлийн үед аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, шинэ амьдрал эхэлнэ гэж багагүй ярьсан юм. Зүгээр нэг яриа төдий болгоод өнгөрөхгүйн тулд эрвийх дэрвийхээрээ хичээгээд байгаа, уг нь. Гэтэл энэ хичээл зүтгэлийг нь нэг хувийн компани баллах шахлаа. Баллачихсан ч байж мэднэ.
“Хүннү лорд” гэх компани “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь хилийн зурваст Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэтэй “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг олон улсын нислэгээр ирсэн гадаадын иргэн бүрт албадан зарж байсан нь илэрлээ.
Үүнээс нь болж хэдэн жуулчин Монголын талаар таагүй сэтгэгдэлтэй буцаж, бас хэд нь тэр мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацаж, түгээснийг мэдэхгүй. “Хүннү лорд” компани “Гадаадын иргэн л бол ямар нэгэн аргаар үүнийг заавал ав” гэсэн бичиг бүхий Засгийн газрын логотой цагаан хуудас сэтгүүлдээ дагалдуулан өгч байсан нь ил болсон.
Үүнээс үүдэлтэйгээр Засгийн газрын логог хэн, хаана ашиглах вэ гэдгийг ч эргэн харах шаардлага тулгарчээ. Ерөнхий сайд ууртай байлаа. Тэрбээр “Гадаадын хүн болгонд ийм зүйл тарааж байхад төрийн байгууллагынхан ямар нэгэн зүйл хийдэггүй юм уу. Онгоцны буудал чинь зах болчихсон юм уу” гэж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлагуудтай уулзах үеэр хэлж байв.
Гадаадынхан манайд ирэнгүүт бид улсаа сурталчилсан сэтгүүл өгөх нь юунд буруудах вэ. Даанч тэр санаагаар нь нэг компани тоглочихож. Ерөнхий сайд тус компанид зөвшөөрөл олгосон ЗТЯ-ны холбогдох албан тушаалтан, нисэх буудлын дарга, хилийн цэргийн удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг үүрэгдээд буй.
Тэгвэл тус яамны газрын дарга С.Мөнхнасан, С.Адъяасүрэн нар мэдээлэл хийж, “Яам үүнд хамаагүй, М.Даваажав худал мэдээлэл өгсөн” гэв. “Хүннү лорд” компани өнгөрсөн гуравдугаар сард албан бичиг ирүүлсэн ч нисэх буудлын хяналтын бүсэд худалдаа эрхлэх, эсэхийг яам шийдвэрлэхгүй зөвхөн бодлогын хүрээнд ажилладаг гэсэн хариу өгсөн талаар тэд мэдээлэв.
Зарим мэдээллийн хэрэгслээр дээрх хоёр албан тушаалтанд хариуцлага тооцож, ажлаас нь халжээ гэж цацаад байгаа. Тэгвэл уг мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд одоогоор ийм тушаал шийдвэр гаргаагүй юм байна.
БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР ТАЛБАЙ ОЛГОХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ
“Хүннү лорд” компани үнэхээр яаманд албан бичиг өгчээ. Тус компани өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд хандан “Шинэчлэлийн Засгийн газрын 2014 оны зургадугаар сарын 12-ны өдөр баталсан тогтоолоор Монгол Улсад 42 орны иргэд визний хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих болсон.
Монгол Улс болон ОХУ хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр харилцан визгүй болсонтой уялдуулан, 2014 оны есд үгээр сард Улаанбаатар хотын захиргаанаас дэвшүүлсэн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд...” гэх зэргээр төрийн байгууллагуудаас гаргасан хөтөлбөр, тушаал, тогтоол, шийдвэрийн зүйл заалтуудаас бичигтээ ашиглан, цөөнгүй дурдсан байв.
Түүнд нь Ерөнхийлөгчийн зарлиг ч багтсан байлаа. Тухайлбал, “2015 оны эдийн засгийн хямралтай байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр гаргасан Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаарх зарлигийн хоёрт зааснаар үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглээг нь дэмжих ажилд нийт ард иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг идэвхийлэн оролцохыг уриалсугай гэсэн заалтыг үндэслэн өөрийн эх оронд үйлдвэрлэл эрхэлж буй үндэсний үйлдвэрлэгч 1000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг жуулчид, гадаадын иргэдэд сурталчлан...” гэж дурдаад сэтгүүлээ борлуулах талбай олгохыг хүсчээ.
Төрөөр тоглохын тулд гаргасан тушаал, шийдвэрүүдийг нь хэрхэн ашигласан жишээг үүнээс л харж болно. ЗТЯ уг албан бичгийнх нь хариуг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд өгчээ. Түүнд нь “Нисэх буудлын талбай олгох нь тус яамны чиг үүрэгт хамаарахгүй тул энэ асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ, түүний харьяа байгууллага болох “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлагад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн байна.
“Хүннү лорд” компани ЗТЯ руу албан бичиг явуулахаас өмнө Буянт-Ухаа дахь Гаалийн газарт хэдийнэ хандчихсан байсан бололтой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд Буянт-Ухаа дахь гаалийн газраас тус компанид “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гаалийн хяналтын бүсийн II давхрын ирэгчдийн танхимд “Access” нэртэй сэтгүүл худалдан борлуулах цэг байгуулах хоёр ам метр талбай өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн байдаг аж.
Асуудал аль талдаа байгаа юм бүү мэд. Гаалийн газрынхан он сараа андуурсан уу, “Хүннү лорд”-ынхон төрийн байгууллагуудаар тоглочихсон уу, эсвэл өөр учир шалтгаантай, эсэх нь тодорхойгүй байна.
960 СЭТГҮҮЛ ХУРААЖЭЭ
Сэтгүүл зарсан хэрэг олны анхаарлыг татахтай зэрэгцэн энэ нь “Хүннү эйр” компанитай холбоотой гэсэн мэдээлэл ч гараад буй юм. Энэ талаар тус компанийн Коммерийн албаны дарга Э.Энэрэлээс тодруулахад “Агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг, олон улсын нисэх буудалтай харилцаа холбоотой ажилладаг учраас хүмүүс манай компанитай хамаатай байж магадгүй гэж бодох талтай. Асууж, сонирхож байна.
Гэвч нэр дурдагдсан “Хүннү лорд” манай компанитай ямар ч холбоогүй. Энэ бол хүмүүсийн таамаглал гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм. Монголд “байхгүй” үнэтэй, хилээр нэвтрэх эрх болсон тэр сэтгүүл нь хэдхэн хуудастай, ямар ч мэдээлэлгүй, компаниудын реклам байсан гэсэн шүүмжлэл бий. Энэ хэргийн эзэн “Хүннү лорд” компанийн тухай мэдээлэл цуглуулахад 2011 онд гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр байгуулсан аж.
“Хүннү лорд” компанийн ерөнхий захирал Н.Баттөмөртэй холбогдож, сэтгүүл борлуулах зөвшөөрөл хаанаас авсныг нь тодруулахад “Даваа гаригт хэвлэлийн хурал хийж мэдээлнэ” гэдгээс өөр зүйл хэлэхээс татгалзсан юм.
Мөн сэтгүүлээ хэдэн удаа гаргаж, хэчнээн хувь хэвлэснийг нь лавлахад “Ганц л дугаар гаргасан”-аа хэлсэн. Харин хэдэн хувийг борлуулсан нь тодорхойгүй бөгөөд ЦЕГ-ын харьяа Иргэний нисэх дэх Цагдаагийн хэлтсийнхэн зарах гэж байсан 960 сэтгүүлийг хураагаад байгаа гэнэ.
Ж.БАТ-ЭРДЭНЭ: ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнээс уг асуудлын талаар тодрууллаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт нисэх буудлынхантай хуралдаж дээрх асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцсэн юм.
-Сэтгүүл зарах зөвшөөрлийг нь хэн, хэзээ өгснийг шалгаж амжив уу. Ерөнхий сайд энэ үүргийг танд өгсөн шүү дээ?
-Нисэхийн салбарынхан болон яамны холбогдох хүмүүсийг оролцуулж хуралдлаа. Яамнаас зөвшөөрөл өгөөгүй. “Чингис хаан” олон улсын нисэх буудал үйл ажиллагааны хувьд ИНЕГ-т харьяалагддаг. Нөгөө талаар хилийн зурваст гааль, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллага ажилладаг.
Тэнд үйл ажиллагаа явуулах гэрээг ИНЕГ-ын даргын эрх олгосны дагуу нисэх буудал хариуцсан дарга зохион байгуулах эрх зүйн үндэстэй. Үүний дагуу нисэх буудлын дарга тэр компанитай гэрээ байгуулжээ. Гэхдээ тэр нь сэтгүүл зарах бус, зөвхөн түрээсийн талбай олгох гэрээ байна.
Өгсөн чиглэлийн хүрээнд ИНЕГ-т ажлын хэсэг гаргалаа. Даваа гаригт иргэний нисэхийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, аюулгүй байдлыг сайжруулах, тасралтгүй ажиллагааг хангахтай холбоотой асуудлыг хэлэлцэн, шийд гаргана.
-Засгийн газрын нэрийг барьж сэтгүүлээ зарж байсныг нь тэнд ажиллаж байсан хүмүүс мэдээгүй юм уу?
-Мэдэхгүй байсан уу, мэдсэн ч мэдээлэл өгөөгүй юү гэдгийг бид дотооддоо ярьж байна. Сэтгүүлийг зургадугаар сараас зарж эхэлсэн гэсэн. Түүнээс хойш бидэнд ийм мэдээлэл ирээгүй. Хилийн зурвас дахь үйл ажиллагаа нь яамтай холбоогүй учраас тэр болов уу.
Цаашид дээрх асуудалтай холбоотой эрх зүйн ямар баримт бичиг байна, байгууллагууд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, хаана, ямар хариуцлага хүлээлгэхийг тодорхой болгоё гэж ярилаа.
-Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?
-Холбогдох хүмүүс цагдаа, тагнуулын байгууллагад хандсан, шалгаж байгаа.
-Гаалийнхан талбай түрээслэх газар өгсөн. Тэгвэл хилийн зурвас руу нэвтрэх зөвшөөрөл хэнийх вэ. Хил хамгаалах байгууллагатай холбоотой юм биш үү?
-Нисэх буудалд хорио цээр, мэргэжлийн хяналт, хил, гаалийн зэрэг байгууллага үйл ажиллагаа явуулж, хяналт тавьдаг. Цаашид хяналтын бүс дэх хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай нь харагдаж байгаа юм.
Холбогдох байгууллагуудтай ойрын хугацаанд уулзаж, энэ талаар ярилцана. Гааль, хил, мэргэжлийн хяналтынхан гээд чиглэл чиглэлийн байгууллага уг асуудлын талаар ярьж байгаа байх. Бид ч бас салбартаа хамаарах зүйлсийг хэлэлцэж байна.
Ч.МӨНХЗУЛ