УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр бага хуралд оролцохоор хүрэлцэн очжээ.
Тус бага хурлаар “Дэлхийн парламентын спикерүүдийн гуравдугаар бага хурлын зөвлөмжийн хэрэгжилт”, “Жендерийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай”, “Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд парламентын оролцоо” болон “Өнөөгийн парламентуудын өмнө тулгарч буй сорилтууд” зэрэг илтгэл сонсох аж.
З.Энхболд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсэж буй ирээдүй” хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ дөрөвдүгээр бага хуралд үг хэлэх юм байна. Мөн энэ үеэр зарим орны парламентын тэргүүнтэй уулзахаар төлөвлөжээ.
Түүнчлэн дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр бага хурлын үеэр “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар оролцох гэнэ.
Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр бага хуралд 120 орны спикер оролцож буй аж.