Баянгол дүүрэгт баригдаж буй Хүүхдийн яаралтай тусламжийн төв ирэх аравдугаар сард ашиглалтад орох гэж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдээр УИХ-ын зарим гишүүд болон дүүргийн удирдлагууд барилгын ажлын явцтай танилцлаа.
Яаралтай тусламжийн төв нь 60 хүүхдийн хэвтэж эмчлүүлэх тасаг болон эрчимт, сэхээн амьдруулах тасагтай байх аж. Түргэн тусламжийн машинуудад GPS суурилуулж, түргэн тусламжийн утсанд ирсэн дуудлагын яриаг бичиж авдаг болох тул цаг алдалгүй түргэн шуурхай өвтөнүүдэд хүрч үйлчлэх боломжтой болж байгаа юм.
Эмнэлгийн барилгын ажил дуусахад цөөн хоног үлдэж байгаа тул барилгын гүйцэтгэгч компани төсөвт суулгаагүй зарим ажлыг цаг алдахгүйн тулд өөрсдөөсөө хөрөнгө гаргаж шийджээ.